Нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд өөрчлөлт оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-09-10 16:39:23
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл авто зам засварын ажил хийхтэй холбоотой тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлийн замналд өөрчлөлт оруулсан байна.

Энэхүү авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг  маргаашийн  23:00 цагаас буюу  есдүгээр сарын 11-21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тул зорчигчид дараах  зураглалын дагуу зорчих юм байна.
Баянзүрхийн товчоо, яармаг орчмын замуудыг хэсэгчлэн хаана

Зарим замын засвар, өргөтгөлийн ажилтай холбоотой хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо орчмын авто зам засварын ажил, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, засварлах, өргөтгөл шинэчлэл хийх гэж байна. Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл авто зам эвдрэлтэй байдгаас хөдөлгөөний эрчим удааширч, осол аваар гарах, авто машин түгжирдэг байсан. Энэ орчимд 4-5 км газар авто машины түгжрэл үүсдэг байсан. Баянзүрхийн товчоог буулгасан. Дээрх нөхцөл байдалд холбогдуулан засварын ажил эхлэх гэж байна. Баянзүрхийн товчооноос гүүр хүртэлх, Богд уул руу эргэх хүртэл замд засвар өргөтгөлийн ажил хийгдэж 4 эгнээтэй болох юм. Энэ ажлыг бид маш хурдан хугацаанд буюу 10 хоногт багтаан засварлахаар төлөвлөсөн. Энэ сарын 11-21-ний хооронд замыг хэсэгчлэн хаана. Баянзүрхийн товчооноос Богд уулын зам хүртэлх далангийн барилгын ажил эхэлсэн” гэлээ.

Хөдөлгөөний ачааллыг багасгах, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх үүднээс түр замуудыг нээсэн. Баянзүрхийн товчооны гүүрээр урагш далан эргээд төмөр замын зурвасын хойд замыг сонгож зорчсоноор тус түр зам Богд уулын замтай нийлэх юм. Энэ замаар зөвхөн бага оврын тээврийн хэрэгсэл зорчино.

Харин Замын-Үүд орон нутгаас ирж байгаа том оврын ачаа тээшний тээврийн хэрэгслүүд Чойрын замруу эргээд төмөр замын 4-р зөрлөгөөр Төв аймгийн замаар дамжин нийслэл хот руу нэвтрэх боломжтой. Эдгээр хөдөлгөөний зохицуулалтыг тухайн замын цагдаагийн албатай хамтран газар дээр нь зохицуулалт хийх юм.

Мөн Яармагийн гүүрийн урд хэсэг буюу Богд уулын зам, гүүртэй холбогдож байгаа хэсэгт гүүрийн дам нуруу тавих ажил хийгдэнэ. Далангийн Д рамп нь Яармагийн замтай нийлэхдээ хуучин автозамын даланг өргөх ажил эхэлнэ. Энэ ажлыг 9 дүгээр сарын 15-наас эхлэн замыг хэсэгчлэн хааж гүйцэтгэнэ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан чиглэлд эсрэг урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгох замаар хөдөлгөөнийг зохион байгуулах юм. 

Яармагийн гүүрийг энэ оны 11 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр график хугацааны дагуу ажиллаж байгаа. Хугацаандаа ашиглалтад өгөхийн тулд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна гэж нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэллээ.




Тодруулбал, 
  • Ч:12 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээг зам хаагдах хугацаанд түр зогсооно.
  • ХО:3“Городок - Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулна.
  • ХО:4 “Тэрэлж-Баруун 4 зам” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулна.
  • ХО:5 “Налайх - Офицеруудын ордон - МУБИС” чиглэлийн үйлчилгээг Налайхаас Баянзүрхийн товчоо хүртэл 9 тээврийн хэрэгслээр, Баянзүрхийн товчооны уулзвараас Уулын зам,Их монгол улсын гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зүүн 4 зам, МУБИС хүртэл 13 тээврийн хэрэгслээр 2 чиглэл болгон хувааж, үйлчилгээг зохион байгуулна.
  • ХО:11 “Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ