Талибуудтай яриа хэлцээгээ сэргээхэд бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-10 14:20:42

ИСЛАМАБАД. /TASS/. Пакистан, АНУ болон Хятадын зуучлалтайгаар “Талибан” хөдөлгөөнтэй энхийн яриа хэлцээгээ сэргээхийг Афганистаны Засгийн газар зөвшөөрчээ. Холбогдох шийдвэрийг Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганигийн тус гурван улсын өндөр албан тушаалын төлөөлөгчидтэй “Азийн зүрх” бүс нутгийн бага хурлын үеэр хийсэн хэд хэдэн уулзалтын дараа лхагва гарагийн орой гаргажээ. Энэ тухай тус улсын “Доон” сонинд мэдээлсэн байна.

“Лхагва гарагт болсон хоёр талын болон гурван талын уулзалтын үеэр Афганистаны хямралыг тайван замаар зохицуулах асуудлыг голчлон хэлэлцсэн. Манай улсын холбоотнууд энэ асуудлаар бидэнтэй хамтран ажиллахыг зөвшөөрлөө” гэж Афганистаны Гадаад хэргийн сайд Салахуддина Раббанигийн хэлснийг тус сонинд уламжилжээ.

Афганистанд болж өнгөрсөн “Азийн зүрх” бага хурлын үеэр Афганистан, Пакистан, АНУ болон Хятадын төлөөлөгчид афганчуудын асуудлыг тайван замаар зохицуулах “замын зураг”-ийн заалтуудыг хэлэлцсэнийг тус бага хуралд мөн оролцсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Энтони Блинкен “Доон” сонинд ярилцлага өгөхдөө нотолсон байна.

Д.Жаргал

 

Related news