“iPhone”-ий шинэ загварын үйлдвэрлэлийг бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-01-06 11:41:04

ТОКИО. /TASS/. Америкийн “Apple” компани “iPhone” ухаалаг утасныхаа шинэ загвар “iPhone 6s” болон “iPhone 6s Plus”-ын энэ оны нэгдүгээр улирлын /1-3 дугаар сар/ үйлдвэрлэлийн хэмжээг анх төлөвлөж байснаас 30 хувиар бууруулахаар болжээ.  Энэ тухай Японы “Nikkei” сонинд мэдээлсэн байна.

Тус сонинд мэдээлснээр, “Apple” компани шинэ загваруудынхаа үйлдвэрлэлийн хэмжээг “iPhone”-ий өмнөх загвар болох “iPhone 6” болон “iPhone 6 Plus”-ийн үйлдвэрлэлийн түвшинд хадгалахаар төлөвлөж байгаа аж. Дэлхий даяар жижиглэнгийн борлуулалт буурсантай холбоотойгоор эдгээр ухаалаг гар утас зах зээлд асар олон тоогоор хуримтлагджээ. “6s” болон “6s Plus”-ийн үйлдвэрлэлийг бууруулснаар өмнөх загваруудыг борлуулах боломжтой болно гэж “Apple” компанийнхан үзэж байгаа аж. Энэ шийдвэр нь тус компанид ухаалаг гар утасны төхөөрөмжүүд нийлүүлдэг Япон болон Өмнөд Солонгосын компаниудад сөргөөр нөлөөлнө гэдгийг “Nikkei” онцлон тэмдэглэсэн байна. Үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах тухай мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн биржид “Apple”-ийн хувьцааны үнэ 2.8 хувиар буурчээ.

Д.Жаргал

 

Related news