Жудо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-11 10:49:26
oyuka_hu@yahoo.com

Жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа.

Эрэгтэй -60 кг-ын жинд 45 тамирчин барилдсанаас ОБЕГ-ын тамирчин Ц.Цогтбаатар алт, “Хилчин” Биеийн тамир спортын хорооны тамирчин Д.Амартүвшин мөнгө, “Хангарьд” клубын н.Сэр-Од, “Алдар” БТСХ-ны н.Баярмагнай нар хүрэл медаль хүртлээ.  Харин -66 кг-ын жинд 34 тамирчин өрсөлдсөнөөс “Алдар” БТСХ-ны н.Батсуурь алт, Монголын Жудогийн академийн Юки Такаши мөнгө, “Женко” клубын тамирчин н.Ганболд, “Хүч” БТСХ-ны н.Алтаннаран нар хүрэл медалийн эзэн болов.

Эмэгтэй -57 кг-ын жинд 12 тамирчин өрсөлдөн байна. Үүнээс “Хилчин” БТСХ-ны тамирчин Д.Сумъяа алт, Ц.Хулан мөнгө, Хан-Уул дүүргийн тамирчин П.Буянхишиг, ОБЕГ-ын тамирчин Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртэв.  Мөн -63 кг-ын жинд 11 тамирчин барилдаж “Алдар” БТСХ-ны Б.Ганхайч алт, Б.Мөнгөнчимэг мөнгө, Б.Баасанжаргал, Цэрэннадмид нар хүрэл медалийн эзэн болов. -70 кг-ын жинд 17 тамирчин өрсөлдөж Хан-Уул дүүргийн тамирчин Ц.Наранжаргал алт, М.Баяртуул мөнгө, Б.Хулан, М.Сугар нар хүрэл, -78 кг-ын жинд П.Лхамдэг алт, О.Мөнхцэцэг мөнгө, М.Ууганжаргал, Г.Сарангоо нар хүрэл медаль хүртлээ.

Жудо бөхийн эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 24, багийн 4 дэх удаагийн эл тэмцээнд 23 байгууллагын 286 тамирчин оролцсон юм. Нийт 7 жинд барилдлаа. Дашрамд дурдахад, Эрдэнэт хотын 40 жилийн ойг тохиолдуулан МУГТ Д.Нармандахыг “Хүндэт иргэн” –ээр өргөмжиллөө.

Б.Оюун-Эрдэнэ
 

Related news