Гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй 321 өрх бий гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-11 13:54:38
oyuka_hu@yahoo.com

Өнгөрсөн онд Орхон аймагт гэр бүлийн хүчирхийлэл 40 хувиар өссөнтэй холбоотойгоор “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн түвшин тогтоох” судалгаа хийжээ.

Үүний дүн урьдчилсан байдлаар гарсан байна. Судалгаанд 2272 өрх хамрагдсанаас эрсдлийн түвшин өндөр 31, дунд 97, бага 193 өрх тогтоогджээ. Тодруулбал, 321 өрх эрсдэлтэй түвшинд хамаарагдаж байна.

Харин 1200 сурагчаас авсан судалгааны дүн хараахан гараагүй байна. Дээрх судалгааг аймгийн Цагдаагийн газар төрийн бус 10 байгууллагатай хамтран нэг сарын турш явуулсан юм. Анх нэг багаас 100  буюу 2400 өрхөөс судалгаа хийх төлөвлөгөөтэй байсан ч хангалттай санхүүжилтгүйн улмаас тоог нь цөөрүүлжээ. Судалгааны дүнд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах сургалт, сурталчилгаа, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг олон ажил зохион байгуулах гэнэ.  Энэ мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэг хариуцсан ахлах байцаагч Б.Бадмаараг өглөө.

 Б.Оюун-Эрдэнэ

Related news