Сартуул ноосоор бүх төрлийн эсгий болон ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-04 11:08:44

Завхан/МОНЦАМЭ/.Завханы “Эх нутаг" дундын хоршоо энэ жил 18 нэр төрлийн 9000 орчим эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Тэдний гол хэрэглэгчид нь өөрийн болон зэргэлдээх аймаг сумын хэрэглэгчид бөгөөд өвлийн нөхцөлд нэн шаардлагатай дулаан эсгий эдлэлээр хангадаг ажээ.

Завхан нутгийн брэнд болсон Сартуул ноосоор бүх төрлийн эсгий болон ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нутгийн хөрсөнд ургуулсан органик хүнсээр иргэдэд үйлчлэх үйлчилгээгээ өргөтгөж Улиастай болон Тосонцэнгэл сумдад нэрийн дэлгүүртэй болжээ. Мөн тус хоршоо аймагтаа төдийгүй хил дамнасан үзэсгэлэн худалдаанд тогтмол амжилттай оролцсоор ирсэн байна. Өнгөрсөн жил хоршоо гишүүдээ бизнесийн болон мэргэжлийн сургалтуудад долоон удаа шаталсан байдлаар хамруулж хоршооны 30 гаруй гишүүн чадавхжсан байна. Адра Монгол ОУБ-ын дэмжлэгээр хөгжиж ирсэн Завхан аймгийн хоршоод хамтран 2013 онд анх Завхан эх нутаг дундын хоршоог байгуулж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн "Завхан Эх нутаг" Дундын хоршоо нь 14 гишүүн хоршоодтой бөгөөд мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн зуучлан борлуулах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зуучлан борлуулалт худалдаа, төмс хүнсний ногоо үрслэг тариалалт хадгалалт хамгаалалт, өргөн хэрэглээний барааны худалдаа, ноос ноосон бүтээгдэхүүн арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл худалдаа, газар тариалан хадлан тэжээл бэлтгэх, даршилсан нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, гадаад худалдаа, лизингийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа ажээ.

Related news