ЗАВХАН: Агнуурын бүсээс зөвхөн зөвшөөрөлтэй ан агнадаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд нийт 10 суманд тусгай болон ахуйн зориулалттай ан агнах 11 бүс бий. Тус аймаг 2014 оноос эхлэн Амьтны тухай хуульд заасны дагуу, тусгай зориулалтаар гадаадын иргэнд ан агнуулж эхэлжээ.
Тухайлбал гадаадын иргэнд тусгай зориулалтаар 4 суманд таван агнуурын бүс нутагт ховор амьтан агнуулж байна. Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн гурван төрлийн зориулалтаар агнаж барина.
Шилүүстэй, Яруу сумаас угалз, тэх, Алдархаан сумаас тэх, Алдархаан, Цагаанхайрхан сумаас халиун буга агнаж байгаа. Түүнчлэн ахуйн зориулалтаар агнах амьтны захиалгыг сумдаас авч, хуулийн хугацаанд нь БОАЖЯ-нд хүргүүлээд хуваарь ирсний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр сумдад хуваарилуулан батлуулдаг журамтай.
Агнуурын бүсээс агнах амьтны дуудлага худалдаанаас орсон орлогыг төсөвт төвлөрүүлж орлогын 50 хувийг нь уур амьсгалын санд, харин 50 хувийг нь аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулж буй юм.
Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа
хуульд заасан зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас
зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховор, ховор амьтнаас бусад амьтныг
өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог. Түүнчлэн Монгол Улсад түр буюу
байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр
төлж, ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болох хуулийн зохицуулалттай тухай аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.