Зүрхний өвчтэй эмэгтэйд туслахаар тэмцээн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 16:24:18

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Нийгмийн хөгжлийн багаас “Нийт нь нэгнийхээ төлөө” сайн үйлсийн аяныг 3 сарын 17-оос 4 сарын 1 хүртэл хугацаанд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд тус сумын Ихбулаг багийн иргэн П.Пүрэвдуламын Улаанбаатар хот явж эмчлүүлэх эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахаар албан байгууллага, иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан юм. П.Пүрэвдулам нь 0-18 хүртэлх насны дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд зүрхний ховдол тосгуур, гялтан хальсны цоорхой гэх оноштойгоор биеийн байдал тааруу байгаа аж.

Гар бөмбөгийн тэмцээнд иргэд, төрийн албан хаагчид идэвхтэй оролцож, 10 баг болон өрсөлдсөнөөс тэргүүн байранд Хүрэмт багийн тамирчид шалгарлаа. Энэ үеэр хандивын хайрцагт 120 мянган төгрөг цугласныг П.Пүрэвдуламд гардуулан өгчээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news