Сэлэнгэ аймагт хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-04 13:40:47

2016 оны цаг уурын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймагт энэ онд хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгааг мэдээллээ.  Тэр дундаа 2016 оны 1, 2-р улиралд олон жилийн дунджаас хур тунадас бага, хуурайшилт идэвхтэй явагдахаар цаг уурын урьдчилсан мэдээ гарчээ.

Иймээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх. Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор аймгийн Онцгой комиссын гишүүдэд аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаварыг хүргүүллээ. Уг тоотод аймгийн БОАЖГ-ын даргад, аймгийн Цагдаагийн газрын даргад, ХЦ-ийн 0243-р ангийн захирагчид, аймгийн УЦУБОШТ-ийн даргад, аймгийн МХГ-ын даргад, сумдын дарга нар болон сумын Онцгой комиссын дарга нарт болон сумын болон сум дундын ой ангийн дарга нарт, Тужийн нарсны тусгай хамгаалалтын захиргаанд, аймгийн Онцгой комиссын орлогч дарга болон аймгийн ОБГ-ын дарга нарт хяналт тавьж ажиллах талаар тус тусын чиглэлийн дагуу үүрэг албан даалгавар өглөө.

Даалгаварын биелэлтийг 2016 оны 6-р сарын 10, 11-р сарын 25-ны дотор танилцуулахыг дээрх хүмүүст үүрэг болгосон байна.

2015 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 15 сумын нутаг дэвсгэрт 52 удаагийн ой, хээрийн түймэр гарч 30.147 га ой, 29730.5 га хээрийн түймэрт өртөн, түймрийн улмаас байгаль экологид 7 тэрбум 779 сая төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 67.8 сая төгрөгийн зардал гарчээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news