“Хамтдаа тусалъя” аяныг өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 10:37:41

Улаанбурхан өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шинэ үе залуусын нэгдэлээс “Тусалъя аян”-ыг энэ сарын 9-ний өдрөөс өрнүүлээд байна.

Тэд энэхүү аянаа Мандал сумын нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа аппарат, тоног төхөөрөмжийг иргэдийн оролцоотойгоор авч өгөх зорилгоор өрнүүлжээ. Залуус иргэдээс 2 дахь түүхий эд болох хуванцар сав, шил лааз, хөнгөн цагаан зэс гууль яс гэх зүйлүүдийг цуглуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд сумын иргэд маш идэвхитэй оролцож байгаа гэнэ.

Тус нэгдлийн залуус иргэдийн хэрэглээнээс гарсан хог хаягдлыг мөнгө болгож, ирээдүй болсон хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж байгаа нь залуус нэгдвэл юуг ч хийж чаддагийн жишээг тодоор харуулахыг зорьжээ. Мандал суманд энэ сарын эхний байдлаар улаанбурхан өвчний 460 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 160 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 85 нь хүндэрсэн гэсэн мэдээтэй байгаа юм. Эл өвчнөөр ихэвчлэн 0-9 сартай нярай хүүхдүүд өвдөх нь элбэг байгаа аж.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news