Барилгачдын ур чадварын уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Барилгачдын холбоо хамтран барилгачдын аймгийн аварга шалгаруулах ур чадварын уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Ганнэгдэл, “Эрч хүч” зэрэг барилгын компаниудын инженер, техникч, барилгачид, МСҮТ-д барилгын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд оролцож, хавтан наагч, өрөгч, угсрагч, шавардлага гэсэн төрлөөр ур чадвараараа өрсөлдсөн юм.
Монгол Улсад барилгын салбар үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд уралдааныг зохион байгуулсан ба барилгын шавардлага, хавтанцар наах ажлыг технологийн дагуу хэрхэн хийх аргачлал зааврыг харуулснаар барилгачдын ур чадварыг сайжруулах зорилго тавьсан хэмээн зохион байгуулагчид хэлж байв.
Аймгийн МСҮТ нь барилгын таван мэргэжлээр суралцагчдыг бэлдэж байгаа ба тэднийг онолоор сургахаас гадна дадлага ажилд оролцуулж, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай учраас энэхүү уралдаан нь зохих үр дүнгээ өгнө хэмээн үзэж байгаа аж.
Өвөрхангай Б.Батчимэг