Цэцэрлэгт хүрээлэнг барьж дуусгахад нэмж 100 сая төгрөг хэрэгтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт барьж буй “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-гийн барилгад дахин 100 сая төгрөг шаардлагатай байна. Үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гаргах саналыг орон нутгийн удирдлагууд тавьжээ.
Өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн уг барилга 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэхээс өнөөдрийн байдлаар нэг тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Энэ жил 800 гаруй сая төгрөгийн ажил хийнэ. Гэсэн ч дахин мөнгө дутаж байгаа тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК –иас ийнхүү хүсчээ.
Энэ нь зураг төсөвт тусгагдаагүй ажил гүйцэтгэхтэй холбоотой юм. Учир нь үндсэн барилгын дотор хэсэгт Чингис хааны “ташуур” залах, гадна хашаанд нэмж тохижилт хийх хэрэгтэй байгаа ажээ. Барилгын ажлыг орон нутгийн “Сэхүүн чоно” ХХК гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар гадна хашааг шинэчлэхэд 300, дулаан, цэвэр усны шугам татахад 60, их барилгыг барихад 876 сая төгрөг зарцуулжээ. Их зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Б.Оюун-Эрдэнэ