“Алтанбилэг” ХХК-д нэг жилийн хугацаатай 300 сая төгрөгийн зээлийг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 17:17:45

Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөлийн 5 дугаар хуралдаан өчигдөр аймгийн ЗДТГ-т боллоо.

Уг хуралдаанаар байгууллага, иргэдээс аймгийн төр захиргааны байгууллагуудад гаргасан санал өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн 2016 оны 1 дүгээр улирлын тайлан, Татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн явц, цаашид авах арга хэмжээний тухай, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын нөөц сангийн 2016 оны 1 дүгээр улирлын зарцуулалтын тайлан, Аймаг хөгжүүлэх сангаас зээл авах тухай “Алтанбилэг” ХХК-ийн хүсэлтийн талаарх санал дүгнэлт, Аймаг хөгжүүлэх санд зээлийн эргэн төлөлтийн хугацаа сунгуулах талаар зарим аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн хүсэлт, аймгийн Засаг даргаас зөвлөлийн гишүүдэд цаашид анхаарах асуудлын талаар чиглэл өгөх зэрэг асуудлыг авч хэлэлцлээ. Зөвлөлийн гишүүд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлийг сонсоод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын болон Засаг даргын нөөцийн сангийн зарцуулалтын тайланг ил тод байрлуулах, сумдын санхүүгийн мэдээллийг нөхөж оруулах, Шилэн дансны мэдээллийн талаарх Сангийн яамны мэдээллийг танилцуулахыг Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижавт үүрэг болголоо. Мөн аймгийн Засаг даргын нөөц сангийн 2016 оны 1 дүгээр улирлын зарцуулалтын тайлан, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяа танилцууллаа. Тайлангийн хугацаанд тус сангаас 25 удаагийн ажил арга хэмжээнд нийт 61.9 сая төгрөгийн зарцуулалт хийгдсэн байна. Үүнээс шагнал урамшуулал, буцалтгүй тусламжинд 4.1 сая төгрөг, Аймгийн Засаг даргын нөөц сангийн журмын холбогдох заалтын дагуу 12.3 сая төгрөг, бусад зардалд 45.7 сая төгрөгийг тус тус зарцуулсан ажээ. Мөн хуралдаанаар Алтанбулаг суманд хаус хотхон байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа “Алтанбилэг” ХХК-иас Аймаг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлтээ гаргасны дагуу тус сангийн мэргэжилтэн холбогдох материалыг танилцуулж, зөвлөлийн нийт гишүүдийн саналаар “Алтанбилэг” ХХК-д нэг жилийн хугацаатай 300 сая төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэлээ.

Аймгийн Засаг дарга цаг үеийн ажилтай холбоотой үүрэг чиглэлийг салбар тус бүрт өглөө

Сэлэнгэ Аймгийн Засаг даргын зөвлөлийн 5 дугаар хуралдаан өчигдөр болж, холбогдох газар, хэлтэс, албадын дарга нарт цаг үеийн ажилтай холбоотой үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал аймгийн Засаг даргаас Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нарт “Ногоон Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийгдэх ажлын төлөвлөгөө боловсруулах, Аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд уулзалт зохион байгуулах, Улаанбурхан өвчинтэй тэмцэх шуурхай баг байгуулах тааар. Түүнчлэн эцэг эхчүүдээс байнгын гомдол ирүлж байдаг Ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдаас мөнгө татах асуудлыг шууд зогсоох, хуурайшилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг онцгойлон үүрэг болголоо. Түүнчлэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлж, иргэдийн гомдлыг тухай бүрд нь шийдвэрлэж байх, зарим байгууллагын удирдлагуудад төрийн байгууллагын ажил үйлчилгээг хэвийн явуулахад анхаарч ажиллахыг сануулж чиглэл өглөө. Мөн зарим байгууллагууд ажилтнуудыг зүй бусаар халсан асуудлыг судалж шийдвэрлэх, Сүхбаатар суманд баригдсан иргэдийн эзэмшиж байгаа гражийн газруудын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх зэрэг цаг үеийн ажилтай холбоотой үүрэг чиглэлийг салбар тус бүрээр өглөө.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news