Шүүхийн иргэдийн төлөөлөгчид цахим сургалтанд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 16:17:21

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан 145 иргэдийн төлөөлөгчид болон Хууль, эрх зүйн ажилтнуудынхаа дунд энэ сарын 18-ны өдөр цахим сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.

Тус шүүх нь Сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхүүд нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар зэрэг 10 сум, Дулаанхаан, Бугант тосгонуудыг хариуцан ажилладаг байна. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харъяалан шүүн таслах ажиллагаа явуулдаг юм байна. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан 145 иргэдийн төлөөлөгчдийн 80 нь Сэлэнгэ аймгийн төв болох Сүхбаатар сумаас, 65 нь бусад 9 сум, 2 тосгоноос сонгогдсон бөгөөд эдгээрийн гурав нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоноос, зургаа нь Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоноос тус тус сонгогджээ.

Цахим сургалтаар эдгээр шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хууль, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, түүнд оруулсан өөрчлөлт, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, болон “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ын талаар мэдээлэл өгсөн байна. Мөн иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултанд хариулт өгч, тэдэнд зориулсан нугалбар материалыг сумдын Хууль, эрх зүйн ажилтнуудаар дамжуулан тараан өгчээ. Сургалтанд оролцсон Иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд идэвхитэй оролцохоо амалсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news