Хоорондоо зохицох, үл зохицох хоолны талаарх мэдээллийг эцэг эхчүүдэд өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 15:23:55

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний “Нархан” цэцэрлэгээс “Багачуудын зоог” нэртэй өдөрлөг зохион байгуулжээ.

Тус өдөрлөгөөр 2015-2016 оны хичээлийн жилд хүүхдийн хоолны цэсэнд хамгийн их давталттай орсон хоолнуудаар үзэсгэлэн гаргасан байна. Энэ нь эцэг, эхчүүд цэцэрлэг дээрээ хүүхдүүдээ ямар хоол хүнс хэрэглэж байгааг мэдэх давуу талтай аж.

“Нархан” цэцэрлэг нь хичээлийн жилийн явцад өдөр бүр хүүхдүүдийн иддэг хоолыг шилэн хоргонд тавьж, эцэг, эхчүүдэд танилцуулдаг байсан аж. Харин энэ удаа жилийн турш хамгийн их давтамжтай хийсэн хоолоороо ийнхүү үзэсгэлэн гаргажээ. Энд 1, 2-р хоол, цагаан хоол, зутан шөл, гурилан бүтээгдэхүүнүүд хамгийн ихээр тавигдсан байв. Эднийх хүүхдүүдийнхээ өглөөний хоолны цэсэнд орсон гурилан бүтээгдэхүүнүүдийг гаднаас худалдан авдаггүй, тогооч нар нь өөрсдөө хийдэг байна. Өдөрлөгт оролцож буй эцэг, эхчүүдэд тус цэцэрлэгийн ахлах тогооч З.Ундармаа хоолын цэснийг танилцуулахаас гадна хоорондоо зохицох, үл зохицох хоолны талаарх мэдээллийг өгчээ.

Тус цэцэрлэг энэ хичээлийн жилд шинээр 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, хүүхдүүдийнхээ хоол унданд нэмэрлэсэн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news