Эртний түүхийн эд зүйл ухсан хэрэг хоёр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 15:28:16

Он гарсаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт булш хэрэгсүүр ухах, эвдэж сүйтгэсэн гэмт хэрэг хоёр бүртгэгджээ.

Сүүлийн үед иргэд түүхийн дурсгалт зүйл болох хэрэгсүүр, булш бунхан ухах, эвдэж сүйтгэх болсон тухай аймгийн Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд он гарсаар ийм төрлийн гэмт хэрэг хоёр гарчээ. Энэ нь Зүүнбүрэн, Сайхан сумдад гарсан байна. Одоогийн байдлаар энэхүү хэрэгт аймгийн Цагдаагийн газраас эрүү үүсгэн шалгаж байгаа хэмээн аймгийн ЦГ-ын ОНХ тасгийн байцаагч Ц.Батсүх мэдэгдлээ.

Эртний түүхийн соёлын өв, эд зүйлс болох булш, бунхан, хэрэгсүүр зэрэг дурсгалт зүйлсийг тонох, эвдэж гэмтээх, хулгайлсан бол Монгол Улсын эрүүгийн хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 51-205 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгох, 51-350 цаг хүртэл албадан ажил хийлгэх, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах арга хэмжээ авдаг байна. Мөн давтан үйлдэх юм бол 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. Иймээс эдгээр зүйлсийг ухахгүй байх, малчид иргэд ийм үйлдэлтэй таарсан тохиолдолд цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулахыг тэрээр хүслээ.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news