Турк улсын элчин сайд Өвөрхангай аймагт айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙБүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз энэ сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт айлчиллаа. Тэрээр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнтэй уулзаж, Бүгд найрамдах Турк улс болон Өвөрхангай аймгийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.
Аймгийн Засаг даргын зүгээс Турк улсын өв соёл, аялал жуулчлалын салбараас суралцах олон зүйл байдгийг онцолж, аялал жуулчлалын салбарт болон Туркэд оюутан сургах, боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэн Бүгд найрамдах Турк улстай онцгой харилцааг орон нутгийн түвшинд хөгжүүлэх нь чухал байна гэдгийг дурдлаа.
Элчин сайд Мурат Карагөз өнгөрөгч онд эрүүл мэндийн салбарын чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг сайжруулах төслийн хүрээнд тус аймагт айлчилж байсан. Энэ удаад Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж ХАА, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаа тогтоох зорилгоор ирсэнээ дуулгасан юм. Мөн дээрх чиглэлүүдээс гадна боловсролын салбарт хамтран ажиллах боломж байгаа гэдгийг ч хэллээ. Турк улсаас жил бүр Монгол оюутнуудад тэтгэлэг олгож үнэгүй боловсрол эзэмшүүлдэг. 2015 онд 62 оюутанд тэтгэлэг олгосон байна. Энэ нь цаашид нэмэгдэх хандлагатай байгаа учир аймгийн оюутнуудыг хамруулах боломж бүрдэнэ хэмээн ярьсан юм.
Тэрээр 2014 онд Турк улсад 38 сая жуулчин ирж, 32 тэрбум долларын ашгийг зөвхөн аялал жуулчлалаас олсон гэдгийг хэлээд Турк улсын иргэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирж олон дурсгалт газруудыг үзэх сонирхолтой байдаг бөгөөд Хархорин сумыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломжтой гэлээ. Мөн Турк улсын эдийн засгийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тодорхойлдог, дотоодын нийт бүтээгдэхүүний 58 хувийг ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүн эзэлж байдаг учир энэ чиглэлийг аймагт хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжтой гэдгийг хэлж дээрх зүйлүүдийг цаашид ажил хэрэг болгон хамтарч ажиллана гэдгээ хэллээ.
Өвөрхангай Б.Батчимэг