Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай протоколд нэгдэн орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-17 12:56:48

Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Дэлхийн банкнаас 2015 онд гаргасан бизнес эрхлэлтийн талаарх судалгаагаар Монгол Улсын 1 чингэлэг бараа экспортлох дундаж зардал 2.745 ам доллар байгаа бол Ази, Номхон далайн орнуудын хувьд 864 ам.доллар байна. Монголоос бараа экспортлоход зарцуулагдах хугацаа дунджаар 44 өдөр байгаа бол Ази, Номхон далайн орнуудын хувьд 20 өдөр байна. Хил дамнан худалдаа хийх үзүүлэлтээр Монгол Улс 173-т оржээ.

2013 оны 12 дугаар сард болсон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Сайд нарын бага хурлаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын хавсралт ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэлэлцэн тохирсон бөгөөд гишүүн орнуудын 2/3 нь уг хэлэлцээрт нэгдэн орсноор хүчин төгөлдөр үйлчлэх юм. Хэлэлцээр хэрэгжсэнээр импорт, экспортод зарцуулах хугацааг богиносгох, худалдааны зардлыг хэмнэхэд дэвшил гарна.

Мөн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь Конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар суурь конвенцийг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэл хэрэглээг хөгжүүлж, ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон талт санхүүгийн механизмд хамрагдаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн дэмжээд Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

 

Related news