"Мөнх тэнгэрийн бичиг" үзэсгэлэнг Дорнод аймагт зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-17 15:43:43

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг" монгол бичгийн үзэсгэлэнг Дорнод аймагт 2016 оны 5 дугаар сарын 13-14-ний өдөр олон нийтэд дэлгэн үзүүлж, монгол бичгийн уран бичлэгийн сургалт, лекц зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар "Мөнх тэнгэрийн бичиг" монгол бичгийн үзэсгэлэнг 2011 оноос хойш дөрвөн удаа зохион байгуулахдаа Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь, Архангай, Орхон, Хэнтий, Дорнод аймаг, Нийслэлийн Багануур дүүрэгт тус тус гаргаад байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Дорнод аймаг, Аймгийн Төв номын сангийн удирдлага, монгол хэл, бичгийн багш, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов. "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч, судлаач, багш Б.Элбэгзаяа Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт монгол бичиг заах аргазүйн уламжлал, шинэчлэлийн талаар лекц уншиж, Ганжуур, Данжуурын хөрвүүлгийн “Цогт цагийн хүрдэн” ТББ-ын багш Буянбаатар монгол бичгийн цахим хэрэглээний хичээл заасан бол “Бичиг соёл” монгол уран бичлэгийн холбооны уран бичээчид багш, сурагч, иргэдэд уран бичих арга ухааны сургалт явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 155 дугаар зарлиг гаргасан билээ. Зарлигийн дагуу Монгол Улс гадаад харилцааныхаа албан бичгийг үндэснийхээ бичгээр илгээж, төрсний болон гэрлэсний гэрчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын гэрчилгээ, үнэмлэх, дипломыг монгол бичгээр зэрэгцүүлэн бичих ажил нэгэнт жигдэрсэн ба зарлигийн заалтуудыг 2015 онд УИХ-аас баталсан Монгол хэлний тухай хуульд тусгаж баталгаажуулсан юм.

Related news