Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монголын төр хүнд сурталгүй байх хувьсгалыг Монгол даяар хийх хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан-Уул аймгийн иргэдэд ажлын тайлан-танилцуулгаа хийв-
Дархан-Уул аймгийн төв Дархан хотод энэ 5 дугаар сарын 15-ны өдөр ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хотын иргэдийн төлөөлөлд 2009 оны 6 дугаар сарын 18-наас 2016 оны тавдугаар сар хүртэл Төрийн тэргүүний хувьд хийж гүйцэтгэж ирсэн ажлын тайлангаа танилцуулав. Түүнийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, Р.Болд, Ч.Өнөрбаяр, А.Баттөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй нарын зэрэг албаны хүмүүс ажилласан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил тутам ажлын тайлангаа УИХ-д бичгээр танилцуулж, өнгөрсөн жил УИХ-д бүрэн хэмжээний мэдээлэл хийсэн билээ. Харин энэ удаа Дархан хотын иргэдээр төлөөлүүлэн тэднээр дамжуулж Монгол Улсын иргэдэд ажлаа тайлагнасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа 101 товч зүйл хэсэгт хуваан танилцуулав. Ажлын өрөөгөө Иргэний танхим болгосноос эхлэн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийхээр болсон зэргийг үүнд багтаасан байна.
Тайлангаа танилцуулахын зэрэгцээ тэрээр иргэдийн бичгээр ирүүлсэн асуултуудад хариуллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлан-танилцуулгынхаа эхэнд “Эрхэм хүндэт дарханчуудынхаа энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
Жил бүхэн Ерөнхийлөгчийн хувиар хийсэн ажлынхаа тайланг УИХ-д бичгээр хүргүүлдэг. УИХ шаардлагатай гэж үзвэл Ерөнхийлөгчийн тайланг биечлэн сонсдог. Ноднин жил нэг удаа УИХ-ын хуралдаанд оролцож тайлангаа биечлэн тавьж байсныг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Миний бие 2009 оны зургадугаар сарын 18-нд Төрийн тэргүүний тангаргаа өргөсөн. Тангараг өргөсөн өдрөөсөө хойш 2016 оны тавдугаар сарын 1 хүртэлх хийсэн ажлынхаа тайланг УИХ-д явуулсан.
Өнөөдөр Монгол Улсынхаа нийт иргэдийг төлөөлүүлээд манай улсын хоёр дахь том хот болох Дархан хотын ард иргэдийн өмнө өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцуулах гэж байгаадаа туйлын баяртай байна. Миний ярьж байгаа зүйл хоёр талын дэлгэц дээр давхар гарна. Тайлангаа дугаарлан бичсэн байгаа” гээд тайлан-танилцуулгаа эхлүүллээ.
Ажлын өрөөгөө Иргэний танхим болгож өөрчлөхөөс ажлаа эхлэв. Иргэдээ оролцуулж, сонсож асуудлыг шийдвэрлэх соёл Монгол Улсад бүрэлдэн тогтож байна.
Иргэний танхимын хөдөлгөөн улс орон даяар өрнөж бүх аймагт Иргэний танхим байгуулагдсан. Бараг бүх сумдад 90 хувьтай явж байгаа. Улаанбаатарын хороо, дүүрэг, багуудад Иргэний танхим байгуулж, тэнд багийнхаа хурлыг хийгээд явж байна. Нэг үгээр хэлбэл, иргэдэд эрх мэдлийг нь авч ирэх, иргэдээ сонсох, иргэдийн санал бодлыг сонсож иргэдтэйгээ хамт асуудлыг шийддэг болсон нь бидний 1990 онд эхлүүлсэн хувьсгал ийм байдлаар цаашаа үргэлжилж байгаа гэдгийг хэлэх ёстой. Ер нь иргэдийн дуу хоолой, иргэдийн оролцоог ямар ч албан тушаалтан үгүйсгэж чадахааргүй ийм байдалтай болсон гэж хэлж болно. Сайн юм удаан бүтдэг, сайн юм зовлонтой бүтдэг гэсэн үг байдаг. Гэхдээ сайн юм манай иргэдийн оролцоотойгоор, халуун дэмжлэгтэйгээр их сайн бүтэж явж байгаад туйлын баяртай байна.
2. Зарлиг, хууль тогтоомжийн дагуу ерөнхий боловсролын сургуульд монголчуудын соёл уламжлал, ёс заншлын болон иргэний боловсролын тухай хичээл заадаг болов.
Ерөнхийлөгч болоод анхны зарлигаа гаргахдаа иргэний боловсролыг залуучуудад олгох, ялангуяа, энэ боловсролыг дунд анги, бүр бага ангиас эхлэн өгдөг болъё гэсэн зарлиг гаргаж байсан. Энэ зарлиг хууль тогтоомжид орсон, Боловсролын яамны бодлогод туссан.
Ерөөсөө Монгол уламжлал соёлоо хүүхдүүдэд бүр багаас нь заадаг байя. Хамгийн гол нь эхнээс нь саваа бэлдэнэ гэж ярьдаг. Хүүхдийнхээ оюун ухааныг, хүүхдийнхээ санаа бодлыг монгол болгож, Монгол орондоо хайртай, монголын түүх, ёс уламжлал, ахас ихсээ хүндэтгэдэг гайхамшигтай уламжлалыг авч явж чаддаг болох юм бол манай хүүхдүүд цаашаа дэлхийн боловсролыг олж болно. Тиймээс бид эхлээд Монгол хүн, хүүхдийг төлөвшүүлэх нь хамгийн чухал юм.
Нэг ийм үг байдаг. Эх орноо хайрлах хэрэгтэй. Эх орноо хайрлаад, эх орноо мэдээд ирэхээр чи эх орондоо дурлана. Хоёр хүний хувьд ч аваад үзэхэд бие биедээ хайртай байх юм бол бие биеийнхээ төлөө дандаа сайн юм хийх гэж явдаг. Дандаа сайн сайхны төлөө явдаг. Эх орондоо ийм сэтгэлтэй байх юм бол тэр хүн насан туршдаа эх орныхоо сайн сайхны төлөө өөрийгөө зориулна. Тиймээс энэ боловсрол, энэ үзэл санааг бүр багаас нь шингээж өгөхийг хичээсэн.
Иргэний боловсролын хичээл, ёс заншил, соёл уламжлалын тухай хичээлүүд 1-11 дүгээр анги хүртэл ордог, багш нар нь бэлтгэгдсэн, энэ сайхан уламжлал тогтоод явж байгаад би туйлын баяртай байдаг.
3. Олимп дэлхийн аваргын тэмцээнээс медаль авсан тамирчдад сар бүр урамшүүлал олгож байна.
Олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль авах юм бол тамирчдад сар бүр урамшуулал олгодог байх санаачилгыг би гаргасан юм. Энэ санаачилгыг гаргахдаа зөвхөн Олимп, дэлхийн аваргаас медаль авсан тамирчдад үзүүлж байгаа хүндэтгэл төдийгүй үүгээр нийт ард түмэндээ нэг санаа өгч байгаа. Ерөөсөө хүүхдээ багаас нь спортоор хичээллүүүл, багаас нь хүүхдээ зөв мөрөөдөлтэй болго. Зөв мөрөөдөлтэй байх юм бол Олимпийн аваргууд шиг, олимп, дэлхийн медальтнууд шиг мөрөөдлөө биелүүлж чадна.
Өнгөрсөн хугацаанд тооцож үзэхэд манайд хамгийн өндөр урамшууллыг сар бүр авдаг хүн 380 сая төгрөгийн урамшуулал авсан байдаг. Энэ бол хэрвээ чи спортоор хичээллээд өндөр амжилт гаргах юм бол амьдралын баталгаа чинь байж байгаа гэсэн үг. Спорт хүнийг хүмүүжүүлдэг, сайн хүн болгодог учраас энэ чиглэлд бүх улс орон, ард иргэдийн , анхаарал хандаасай гэж байгаа. Энэ санаачилга их сайн хэрэгжиж байгаад туйлын баяртай байна.
4. Монголын төр иргэнээ цаазлах явдлыг Ерөнхийлөгч болсон анхны өдрөөсөө зогсоосон. Дэлхийд Монгол Улс энэ ялыг хэрэглэдэггүй орон боллоо.
Сүүлд гарсан Эрүүгийн хуульд энэ ялыг хэрэглэхээ больсон. Монголын түүхэнд төр нь иргэнээ цаазалдаггүй ийм уламжлал, ёсыг тогтоосон гэдгийг хэлэх ёстой. Энэ ялыг далимдуулж улс төрийн аллага хийх, янз бүрийн шүүхийн алдаатай байдлаар хүний амь насыг хөнөөдөг байдал Монголд зогсох үндэс суурийг тавьсан.
5. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч орон даяар хичээл заадаг уламжлалыг тогтоосон. Долоо дахь удаагийн хичээлээ заачихсан. Энэ жилийн 9 дүгээр сарын 1-нд найм дахь хичээлээ заах юм.
6. Төрийн тахилгат хайрханыг 10 болгосон. 5 жил тутамд 2 хайрханыг тахиж байхаар тогтсон. Төрийн тахилгат хайрхан анх намайг Ерөнхийлөгч болоход найм байсан юм. Маш олон газраас Төрийн тахилгат хайрханы тоог нэмье гэсэн хүсэлт ирж хоёрыг нэмсэн.
Баян-Өлгий аймгийн Алтай Таван Богд хайрханыг Төрийн тахилгат болгож Монгол ёс уламжлалаараа тахидаг боллоо. Өмнөговь аймагт байдаг Хайрханыг тахилгатай болгосон. Ингээд арван хайрхан тахихаар зарлиг гарсан. Энд бас нэг уламжлал тогтоосон. Төрийн их хайрханыг тахиж байхдаа хог хаях, янз бүрийн улай гаргах, архи хэрэглэхийг цээрлэдэг болсон. Энэ нь хэрэгжээд явж байгаа сайн уламжлал соёл болсон гэдгийг хэлье.
7. Шүүх засаглалын иж бүрэн шинэчлэлийг эхлүүлэв. Гол хуулиудыг санаачилж батлуулах, хэрэгжүүлэх ажил одоо ч үргэлжилж байна.
Шаардлагатай байгаа олон хуулиудыг санаачилж УИХ-д оруулж батлуулж байгаа. Би 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд явж байхдаа “Та шүүхэд итгэж байна уу” гэж иргэдээс асуухад итгэлийн хэмжээ 20 хувьд хүрдэггүй байсан. Одоо ард иргэдээс та шүүхэд итгэж байна уу гэж асуухад 60 хувиас дээш гардаг болсон. Хүмүүс шүүхэд итгэдэг. Шүүх нээлттэй боллоо, асуудлыг шийддэг юм байна гэх хандлага нэмэгдлээ.
Нэг малчин хүн “Би шүүх дээр очоод уул уурхайн компанийг яллаа шүү дээ” гэж ярьж байсан. Ингэж иргэдийнхээ эрх ашгийн талд манай шүүх засаглал зогсох ёстой. Дутагдал байгаа байх, дутагдлыг цаашид засаад явах бүрэн боломжтой гэж бодож байна.
8. Засгийн газартай хамтарч жил бүр эдийн засгийн чуулган хийдэг, тулгамдсан асуудлаа нээлттэй хэлэлцдэг уламжлал тогтоов.
9. Нийтийн биеийн тамир спортыг дэмжих зарлиг гарган жил бүрийн 4 дүгээр сард Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авдаг болсон.
Социализмын үед ХБХБ тэмдгийн болзол гэж байлаа шүү дээ. Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн гэсэн сорил өгдөг байсан юм. Одоо бол Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил өгдөг зүйлийг тогтоолоо. Хамгийн гол нь аймаг орон нутагт байгаа спортын байгууллагын удирдлагууд энэ дээр анхаарах ёстой. Та бүхэн иргэдээ, залуучуудаа үйл ажиллагаанд маш сайн хамруулах ёстой.
10. Газар хөдлөлтийн аюулын талаар ҮАБЗ-ийн хурлаар анх удаа авч хэлэлцэв. Төр, олон нийтийн анхаарлын төвд байх асуудлын нэг болгов.
Газар хөдлөлтэй холбоотой асуудал болбол яах вэ? Гай хэлж ирдэггүй гэж ярьдаг. Монгол Улс газар хөдлөлтийн нэлээд аюултай бүсэд оршдог. Ялангуяа нийслэл хот. Тиймээс хүн ам төвлөрсөн газар дээр аюулыг хүмүүст мэдрүүлж, бид энэ аюулыг тойрч чадахгүй. Дэлхий дээр тойрч гарсан түүх байдаггүй. Хамгийн гол нь бэлэн байх ёстой гэдгийг мэдрүүлэх ёстой.
Бэлэн байхын тулд юу хийх вэ? Манай ОБЕГ, мэргэжлийн байгууллагууд иргэд, хүн ам олноороо байдаг газар юу хийх вэ гэдэг талаар жил бүр ярьдаг. УИХ дээр тусгайлан энэ асуудлыг нээлттэй хэлэлцүүлсэн. Засгийн газраас тодорхой санаачилгууд гарсныг ҮАБЗ дээр сонсож явдаг юм.
11. Мод тарих үндэсний өдөртэй болох санаачилга гарган хэрэгжүүлэв. Жил бүрийн 5, 10 дугаар саруудад энэ ажилд иргэд олон нийт идэвхтэй оролцдог уламжлал тогтлоо.
Мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш Монгол Улсад 9 орчим сая мод тарьсан байдаг. Сүүлийн үед бас нэг сайн мэдээ гарч байна. Сүүлийн үед тарьж байгаа моднуудын ургалтын түвшин сайн байна. Манайхан модоо тарьдаг, арчилдаг болсон байна. Түүнийхээ хойноос явдаг болсон байна. Энэ бол их чухал зүйл гэдгийг хэлмээр байна.
12. Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн замбараагүй олголтыг зогсоов. Энэ үзэгдэлд хамрагдсан газар нутгийн хэмжээ 4 дахин багасав.
Намайг Ерөнхийлөгчөөр анх гарч ирэхэд нийт газар нутгийн 44 хувь, бараг 50 хувь лицензтэй байсан. Тэгээд хайгуулын зөвшөөрлийг зогсоож, энэ замбараагүй зүйл дээр хяналт тогтооё. Юу болохгүй байгаа, юу болж байгаа талаар бодлого гаргая гэж ажилласан. Энэ байдал 10, бүр есөн хувь болтлоо буурсан байгаа. Үүнийг хэлэх нь зөв байх аа гэж бодож байна. Одоо тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 9,5 хувь болсон. /Алга ташив/
13. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж батлуулав. Дагалдаж авах арга хэмжээ, санаачилгууд өнөөдөр ч үргэлжилж байна.
Үзэл баримтлалыг дагуулж маш олон хууль тогтоомж гаргах шаардлагатай байдаг. Үндэсний Аюулгүй байдлын тухай зөвхөн Улаанбаатарт ярьдаг зүйл биш л дээ. Орон нутагт ярьдаг. Орон нутгийн төр, захиргааны байгууллага маш их анхаарч явж байх ёстой асуудал байдаг юм гэдгийг хэлье.
14. Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргаж хэрэгжүүлэв. Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж байна.
Энд нэг сайн мэдээ дуулгахад Монгол бичгээ сурах гэсэн сонирхол хөгшин, залуу, хүүхэд ялгаагүй асар их нэмэгдсэн. Үнэхээр монголчуудыг гаднаас хараад шууд монгол хүн гэж ялгаж болдог зүйл бол бидний эх сайхан хэл юм. Суугаад бичих бидний бичиг байгаа. Дээр нь бидний өмсөж зүүж байгаа хувцас, соёл уламжлал юм шүү дээ.
Тиймээс айл бүхэн, хүн бүхэн, эцэг эх өөрсдөө ч ялгаагүй монгол бичгээ суръя. Бид социализмын үед амьдарч байхдаа монгол бичгээ хэрэглэдэггүй, заалгаагүй байсан. Одоо бол сурах бүрэн боломж бүрдсэн. Гадаад орнуудад явуулж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын албан бичгүүд бүгд монгол бичгээр явж байгаа. Дээрээс нь төрсний гэрчилгээ, төгсөлтийн гэрчилгээ, гэрлэлтийн баталгааг монгол бичгээр бичиж өгч байгаа. Энэ сайхан гайхамшигт Монгол бичгээ сэргээх ёстой гэдгийг хэлье. /Алга ташив/
15. Монгол Улс өрсөлдөх чадварын тайлангаа олон улсын жишгээр гаргахыг санаачлав. 2010 оноос эхлэн тасралтгүй жил бүр 330 үзүүлэлтээр гаргаж байна. Аймаг бүр ийм тайланг 180 үзүүлэлтээр тусгайлан гаргадаг боллоо.
Улс төрийн янз бүрийн амлалт, яриа хөөрөө байдаг. Тэгэхээр дэлхийн улс орнуудтай, бүс нутгийнхаа улс орнуудтай ямар үзүүлэлтээр, хаана явж байгаа гэдгийг байнга харж байх ёстой. Тиймээс энэ тайланг дэлхийн жишигт нийцүүлж, олон улсын байгууллагатай хамтарч гаргадаг болсон. Нэг сайшаалтай зүйл нь аймгууд тус тусдаа гаргаж байгаа. Аймгууд дээр энэ тайланг бас л олон улсын жишгээр гаргадаг болсон.
16. Бурхан Халдун уулыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх санаачилга гаргав. 2015 онд ЮНЕСКО бүртгэж, гэрчилгээг Монгол Улсад олгосон. /Алга ташив/
17. Монголын тулгар төрийн ойг ёслон тэмдэглэж байх зарлиг гаргаж хэрэгжүүлэв. 2011 оноос 2220 жилийн тэгш ойгоос эхэлж тэмдэглэдэг боллоо.
Бид нэг үе 60, 70 жилийн ой гэж ярьдаг байлаа. Тэгээд Их Монгол Улсын 800 жилийн ой гэж ярьдаг болсон. Хүн гүрэн Монгол газар шороон дээр төр бий болгосны ойг 2011 оноос эхлээд 2220 жил гэж тоолж явж байгаа. Бид энэ онд 2225 жилийн тэгш ойг нь тэмдэглэх гэж байна.
18. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналыг бий болгож, жил бүрийн цагаан сараар олгодог уламжлал тогтоов. Ер нь бүтээж байгаа, бүтээн байгуулагч улсуудаа дэмждэг бодлогыг урамшууллаар, шагналаар дамжуулж хэрэгжүүлж байгаа.
19. “Архигүй Монголын төлөө хамтдаа” санаачилга гаргав. Төр олон нийт энэ уриалгыг дэмжиж, “архигүй” соёл, хандлага нийгмийн олон салбарт бий болж байна.
Олон нийт ард иргэд энэ санаачилгыг маш их талархан хүлээн авсан. Энэ санаачилгыг гаргаад ерөөсөө өөрөөсөө эхлэе гэж бодсон. Өөрөө л үлгэр жишээ үзүүлье гэсэн. Дээр үед энд тэнд аймагт яваад очиход аймгийн хил дээр архитай угтдаг. Явахад нь архитай үддэг. Хүлээн авалт архитай болдог байсан.
Ерөөсөө миний очсон газар архи байх ёсгүй гэсэн зарчмыг би сүүлийн зургаан жил хэрэгжүүлж байна. Манай ёслолынхон мэддэг. Бүгдээрээ мэддэг. Миний очсон айлд ямар нэгэн архи байдаггүй. Хүлээн авалт угталт, үдэлт бүх зүйл дээр архи байдаггүй юм. Яг ийм байдлаар төрийн албан хаагчид хандах ёстой.
Дээрээс нь төсвийн мөнгийг архинд зориулж төсөвлөдгийг больсон. Хүлээн авалт дээр төсвийн мөнгийг архинд зарцуулахгүй, үнэхээр хундага өргөх шаардлагатай гэж байгаа бол түүнийгээ өөрсдийнхөө мөнгөөр авдаг болж байгаа. Сүүлийн үед “Цагаан сараар манайх авдар архи аваад хүрдэггүй байсан, одоо шил архи задлаад дуусахгүй байна шүү дээ” гэж ярьдаг болсон шүү. Энэ бол гайхамшигтай үр дүн юм даа. Эхлээд улсууд “Ерөөл хэлэх гэхээр гарт барих юмгүй хэцүү юм байна лээ” гэж хэлдэг байсан. Тэгээд сүүгээ, аягатай цайгаа бариад ерөөлөө хэлдэг болсон. Тийм зүйл рүү ороод ирж байна. Ер нь муу зүйлээс салж, сайн зүйл рүү улам баталгаажуулаад ороод явах хэрэгтэй гэж боддог. / Алга ташив/
20. Нийслэл, суурин газрын агаарын бохирдлыг үндэсний аюлгүй байдлын түвшинд тавьж, шаардлагатай хууль тогтоомж гаргуулж, бүтэц, зохион байгуулалтыг бий болгож хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэв.
Агаарын бохирдлын асуудал, утааны асуудал ярихад энэ бол Улаанбаатарын асуудал биш, Дархан-Уулд ч гэсэн энэ асуудал босч ирж байгаа. Тиймээс энэ тухай бид ярилцана.
21. “Авилгын эсрэг-хуулийн засаглал” санаачилгыг өрнүүлэв. Авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй, өөгшүүлэхгүй байх бодлогыг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд Монгол Улсын авилгын индекс сүүлийн 6 жилд 120-иос 72 болж буурлаа.
22. Шүүхийг хэргийн төрлөөр дагнан байгуулж, шүүгчид мэргэшин ажиллах нөхцөл бүрдэв. Шүүхийн захиргааг шүүн таслах ажиллагаанаас тусгаарлав. Шүүхийн Ерөнхий зөвлөл байгуулагдаж ажилдаа оров.
Өмнө нь аймгийн шүүхийн дарга нь шүүгчийнхээ цалин урамшуулал, хангалт бүх юмыг шийддэг байсан. Энэ асуудлыг тусад нь болгоод шүүх нь хуралдан, шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Материаллаг бааз, ар тал, сонгон шалгаруулах бүх үйл ажиллагааг нь Шүүхийн ерөнхий зөвлөл тусдаа хийх ёстой гэж салгаж өгсөн.
23. “Цалинтай оюутан – хариуцлагатай оюутан” төсөл боловсруулж хэрэгжүүлэв.
Оюутны 70 мянган төгрөг гэж байдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Энэ санаачилгыг би Ерөнхийлөгч болоод ч хийсэн юм биш. 2005 онд Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа анх удаа Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд хамрагдаж байгаа оюутнуудад тодорхой хэмжээний тэтгэмж өгдөг болсон. Энэ санаачилга маш зөв болсон.
Манайхан бүгдээрээ их, дээд сургууль рүү хүүхдээ сургах гэж шуурдаг. Яг юм хийдэг, ажил хийдэг улсууд байдаггүй. Их, дээд сургууль төгсөөд ажил олддоггүй. Дипломтой, нэг л том сургуулийн нэртэй, яг ажил хийх гэхээр олддоггүй, ийм л байсан. Тийм учраас залуучуудаа, хүүхдүүдээ мэргэжил сургалтын үйлдвэрлэл, дээр үеийнхээр бол ТМС-ээр дамжуулж сургая. Ингэж сургавал урамшуулал өгье. Цалин өгье гэж энэ санаачилгыг 11 жилийн өмнө, Засгийн газрын Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлж санаачилж байсан юм.
Одоо бол төсөв, янз бүрийн хомсдлоос болоод оюутны мөнгөний хэмжээ буурч байгааг та бүхэн харж байгаа. Гэхдээ эцэг эх, оюутнууд нэг зүйлийг дэмжиж байгаа. Сургалтын дүнгийн голчийг харж олгодог болсон. Тиймээс хэн нэг мөнгөтэй хүний хүүхэд сургуульд сураад явдаг биш. Орлогоор нь ялгаварлахаа больё. Сурлагаар нь дамжуулж урамшуулъя гэж байгаа.
Таны хүүхэд ядуу хүний хүүхэд ч бай, малчин хүний хүүхэд ч бай, хэний хүүхэд ч байсан амжилттай сурч чадаж л байгаа бол тэр тэтгэмжийг авах боломжтой шүү. Тэтгэлгийг авч байгаа шүү гэдгийг энд хэлье. /Алга ташив/
24. Төрийн далбааны өдөр тэмдэглэх зарлиг гарган, жил бүрийн 7 дугаар сарын 10-нд энэ өдрийг тэмдэглэж заншив.
Улс орон даяар төрийн далбаагаа хүндэтгэдэг өдрийг тэмдэглэдэг болсон. Айл өрх, аж ахуйн нэгж бүр төрийн далбаагаа гэр орондоо, байгаа газраа залдаг болсон. Энэ дээр нэг зүйл хэлье. Төрийн далбаа оёж байгаа, хэрэглэж байгаа газрууд стандартын бус далбаа оёж, хэрэглэж байгаа.
Ямар өнгөтэй байх, хаана мандуулах стандартыг 2011 онд гаргасан. Ялангуяа төрийн байгууллагууд, төрийн далбаа хийж байгаа, оёж байгаа хүмүүс энэ стандартыг баримталж явах ёстой гэдгийг сануулах нь зүйтэй байх.
25. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалав. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар “Ардчиллын боловсрол” тогтоолыг санаачлан батлуулав. Ардчиллын сүлжээг бүс нутагтаа байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулав.
Дээрээс нь энэ бүс нутагтаа ардчиллын сүлжээ гэсэн бүтцүүдийг бий болгож алдсан оносон зүйлээ бусадтай хуваалцаж явдаг ийм чиглэлд бид ажиллаж байгаа.
26. Олон улсын Монгол судлалын үйл ажиллагааг онцгой анхаарч ирэв. “Монгол судлалыг дэмжих сан” байгуулж, залуу судлаачдыг дэмжих, Монгол судлалын хүрээг өргөжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Монгол судлал гэдэг бол асар чухал юм шүү. Ямар учраас гэхээр гадаад улс оронд гадаад орны оюутнууд, гаднын иргэд Монголын түүх уламжлал, сайн сайхан өвөрмөц соёл бүх юмыг судлаад, гаднын сургууль дээр хичээл заагаад, монгол хэлийг сураад явж байна. Монгол ёс заншлыг сурч ирээд монголыг судалж байна гэдэг хамгийн сайн зүйл шүү. Нэг үе энэ үйл ажиллагаа их доошоо орсон байсан.
Айлчилсан бүх улс орондоо очихдоо би монгол судлалын газраар орж явдаг. Дэмжлэг үзүүлдэг. Монгол Улс бусдаас дандаа хандив тусламж авдаг биш, бид нар монгол судлалыг дэмжиж, хандив дэмжлэг үзүүлдэг болсон.
27. Иргэдийн оролцоог дэмжих, төвлөрлийг сааруулах, шууд ардчиллын сургагч багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлыг шат дараалалтай хэрэгжүүлж байна. Энэ чиглэлд тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.
Энэ иргэдийн оролцоо, шууд ардчиллын чиглэлийн үйл ажиллагаа цаашаа үргэлжлэх болно.
28. Жил бүрийн 12 дугаар сарын 29-нд Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойг тэмдэглэж хэвшив. Энэ өдөр бүх нийтээр тэмдэглэх баяр болсон.
Энэ ойгоо тэмдэглэдэг болъё гэсэн зарлиг гаргасан. Хууль гаргасан. Монголчууд Манжийн дарлалд он удаан жил байсны дараагаар Богд хааны үед, 1911 оны 12 дүгээр сарын 29-нд эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан байдаг юм. Ийм гайхамшигтай ойгоо тэмдэглэдэг байя. Энэ түүхээ эргэж дурсая. Энэ бол Монголд тохиодог хамгийн онцгой баяр юм гэж хэвшүүлж тогтоогоод явж байгаа.
Та бүхэн мэднэ. Тухайн жилдээ хамгийн сайн барилдсан 128 бөхийн шилдэг барилдаан 12 сарын 29-нд болдог. Жил бүрийн Ерөнхийлөгчийн цомыг гардуулж өгдөг болсон.
29. Монголын Үндэсний олон нийтийн телевизтэй хамтран “Ирээдүйд илгээх захидал” сурагч солилцооны хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Үүнд нийт 17 аймаг, хотын сургууль, сурагчид хамрагдаад байна.
Би 9 дүгээр сарын 1-нд хичээл зааж байхдаа сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлье. Үндэсний телевиз дэмжээч гэсэн санаачилга гаргасан юм. Жишээ нь, Дарханд байгаа хүүхэд зун амралтаараа Дорнодод байгаа айлд очоод нэг хоёр сар болоод ирдэг. Дорнодынх нь танай гэрт, Дарханд ирээд буцдаг. Иймэрхүү байдлаар явуулья гэсэн. Сурагч солилцооны хөтөлбөрт 18 аймаг, нийслэл хотын хүүхдүүд хамрагдаад байна. Энэ хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлж хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Наад зах нь хөдөө орон нутагт амьдрал ямар байдаг юм гэдгийг хүүхдүүд очоод үзэх нь чухал юм. Наад зах нь хүний хүүхдийг авч ирээд нэг сар гэртээ хооллож ундлаад, ээж аав нь болоод явах сэтгэл зүрх манай ээж аавуудад байх ёстой гэж бодож байна. Аль аль нь хүүхдэд хэрэгтэй ажил гэж би хувьдаа боддог.
Иргэдэд асуулт байгаа бол бичгээр явуулж болно. Асуух асуултын эхнийхийг өчигдөр радио шугамаар авсан. Улаанбаатараас наашаа гарахдаа би иргэдийн зүгээс асуусан асуултыг бичиж авсан. Ярианыхаа дундуур бичгээр ирсэн асуултад хариулах болно.
Ингээд бичгээр ирүүлсэн эхний асуултуудад хариулъя.
-Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт бүрэн хийгдэхгүй байна. Анхаарч өгнө үү?
-Энэ бол чухал асуудал. Ер нь орон нутгийн хөгжлийн сан гэдэг энэ санаачилгыг гаргаж хэрэгжүүлсний дүнд манай улсын аймаг, сум нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдсөн шүү. Одоо та бүхэн сумандаа очоод харах юм бол гудамжиндаа гэрэлтэй болчихсон байгаа. Сум хогныхоо асуудлыг шийдчихсэн байгаа. Хашаа хороогоо айлууд нь янзалчихсан. Бүх газар энэ үйл ажиллагаа маш эрчимтэй хийгдэж байгаа.
Сонгуулиар олон хүмүүс янз бүрийн юм амалж магадгүй. Та бүхэн нэг зүйлийг үргэлж шаардаж байх хэрэгтэй. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг бүрэн оруул. Энэ сангийн мөнгийг цааш нь нэмэгдүүл гэж. Жил бүр энэ сангийн мөнгийг өмнөх түвшнээс нь нэмж байх хуулийн төслийг та нар санаачил гэж шаард. Энэ хуулийг баталсан намыг сонгоно. Ингэсэн хүнийг сонгоно гэж та нар хэлэх хэрэгтэй. Энэ бол Дарханд мөнгө ирж байгаа юм. Дээрээс нь бид Дархан хотын засаг захиргаа орон нутгийнхаа боловсон хүчнийг мэддэг баймаар байна. Дээрээс нь татвар хураамжаа Дархан хотдоо зарцуулдаг болмоор байна. Ингэж байж бид амьдралаа өөд татмаар байна. Энэ шаардлага санаачилгыг үргэлж хэлж байгаарай. Би бол Ерөнхийлөгчийн хувьд үргэлж дэмжиж ажиллана. Зохих шаардлагатай хуулийн өөрчлөлтийг санаачилсан байгаа. Үүнийгээ шахаж ажиллана гэдгээ хэлье.
-Сайн оюутан зээлийн тухай сонсогдож байна. Энэ ямар учиртай юм бэ. Тайлбарлаж өгнө үү?
-Энэ зээлийн тухай олон талаас нь ярьж байгаад, санаачилга гаргаад Засгийн газар шийдээд явж байгаа. Сайн оюутан гэдэг ямар учиртай юм бэ гэвэл түрүүн миний хэлдэг оюутнуудад дүнгийн голчоор тэтгэлэг олгодог, цалин олгодгоос гадна ерөөсөө нэг зүйлийг шийдье.
Монголчуудын хамгийн их мөнгө зарж байгаа хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, орон сууцны асуудал байна. Орон сууцтай болох гэж хүн бүр, айл бүхэн зүтгэдэг. Хоёрт, унаа.
Хамгийн гол зардал бол оюутанд гарч байгаа. Ээж аав, эмээ өвөө нь цалингаа зээлж аваад өгдөг. Дараагийн мөнгө зардаг асуудал бол цагаан сар энэ тэр гээд явна л даа. Бид амьдралыг сайн харж байгаа. Тиймээс гол зээлүүд хааш яваад байгаа вэ гэхээр оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрт явсан байгаа. Тиймээс тэр мөнгийг ээж аавд нь үлдээе. Тэр мөнгийг эмээ өвөөд нь үлдээе. Оюутанд зээл олгодог болъё гэсэн шийдвэр гарсан.
Энэ чиглэлээр ажиллаж байгаа. Банкин дээр очоод асуух юм бол энэ шийдвэр ирчихсэн байгаа. Хоёр сая хүртэлх төгрөгийн зээлийг олгоё гэж байгаа шүү дээ. Зээл авах оюутны дүнгийн голч нь 2,5-аас дээш байх боломж байгаа юм. Та бүхний цалин, тэтгэврийн мөнгө орлого болж үлдээд, оюутан зээлээ аваад, сайн сураад, ажилтай болоод орлоготой болохоороо эргүүлээд төлдөг байдал руу оруулъя гэж байгаа. Үүнийг сайн хөтөлбөр гэж би бодож байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. /Алга ташив/
-Монгол Улсын хөгжлийн ирээдүйг та юу гэж харж байна вэ?
-Монгол Улсын хөгжлийн ирээдүй бол монгол хүн бүхэн хувь заяандаа эзэн болох ёстой.
-Оффшор гэж шуугиад байна. Энэ талаар таны бодол ямар байна вэ?
-Оффшор гэдэг үг бол “эргийн гадна” гэсэн үг л дээ. Татварын чөлөөт бүс юм. Бид хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй. Хүмүүстэй хариуцлага тооцох чиглэлд алхам хийх ёстой. Хамгийн эхний ээлжид төрийн албан хаагчид оффшор гэдэг “эргийн гаднах” үйлчилгээ авахыг хориглох ёстой. ХОМ гаргаж өгдөг байх ёстой. Хууль бус орлогоо гадагшаа гаргаж нуудгийг зогсоох ёстой. Ажилд ороход авдаг асуулт дотор “Та энд тэнд ийм тийм данстай юу” гэдгийг сайн асууж байх ёстой.
-Үлдэж байгаа хугацаандаа та юу хийх вэ?
-Маш олон ажил төлөвлөсөн байгаа. Улс төрийн намын тухай хууль байна. Энэ намуудыг бид янзлах хэрэгтэй. Хариуцлагатай болгох хэрэгтэй. Үнэхээр номд нь оруулах хэрэгтэй. Ялангуяа эрх барьж байгаа нам ямар ч хариуцлага хүлээдэггүй дураараа дургидаг. Дотроо шийдвэр гаргаж байгаа хэлбэр нь төрд яаж нөлөөлдөг билээ. Ард иргэдийн амьдралд яаж тусч байгаа билээ. Энэ асуудлыг шийдүүлэх ёстой гэж бодож байгаа.
Төрийн албаны хууль санаачлаад УИХ-д оруулсан. Очсон дарга, сайд бүхэн өөрийн багтайгаа очиж байна гээд хуучин бүх хүнийг халж явуулдаг. Энэ байдлыг зогсоох гэж байгаа. Тодорхой тоо зааж өгнө. Яамны хэмжээнд 3-5 хүн л солих эрхтэй. Түүнээс биш 30-40, 70, 80, 100-гаар нь сольдог байдлыг зогсоох хэрэгтэй. Төрийн албаа төрийн алба шиг болгох хэрэгтэй. /Алга ташив/
Энэ хуулийг батлуулахын тулд ард иргэд дэмжиж өгөөрэй гэж хүсье.
Үүнээс гадна хэд хэдэн хуулийн төсөл оруулаад байгаа. Хариуцлагын хууль байна. УИХ-ын гишүүдийг эргүүлж татдаг болмоор байна. Тэнд ороод бүрэн эрх гэдэг юмаар халхавчлаад суугаад баймааргүй байна. Дээрээсээ авахуулаад бүх шатандаа хариуцлага тооцохгүй бол бидний сонгож авсан зам, бидний сайн сайхан амьдрал гэдэг зүйл утгагүй болж байна. Тийм учраас Хариуцлагын хуулийг батлуулах ёстой. Мөн Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хууль гэдэг хууль дээр бид ажиллаж байгаа.
Албан тушаалтан, томчууд, баячуудын хэргийг шалгахаар хэлмэгдлээ гэх юм. Үнэхээр хэлмэгдээд байна уу, эсвэл тэд хуулиас зугтаж байна уу гэсэн асуулт байна. Монгол Улс хэлмэгдэл гэдэг аюултай зүйлийн дундуур 1930-1940-өөд онд орсон шүү дээ. Цаг хугацааны хувьд хэлмэгдэл давтагдах боломжгүй. Улс төрийн хувьд боломжгүй. Хууль эрх зүйн хувьд ч боломжгүй шүү. “Би хэлмэгдэж байна” гэж ярьж байгаа улсууд бол хуулиас зугтах гэж л тэгж байгаа юм. Шүүхээр шийдчихсэн байхад хорих газар очоод эмнэлэгт хэвтчихсэн. Бүр II эмнэлэгт хүртэл хэвтдэг шүү дээ. Гадагшаа явдаг. Ийш тийшээ яваад биеэ эмчлүүлдэг. Даралт ихэслээ гэж гарч ирдэг. Ийм л болсон шүү дээ.
Яг тэр үед хэлмэгдсэн өвөө эмээгээ нэг бодоорой. Тэдний сүнс “Үгүй ингэж хэлмэгддэг юм уу” гэж бараг гомдох байлгүй дээ. Тэднийг, тэр лам нарыг суулгаж байгаад амь насыг нь хөнөөдөг байсан шүү дээ. Монголд ингэж төрийн зүгээс хүний амь хөнөөдгийг зогсоосон. Тийм учраас өндөр, том албан тушаалтай хүмүүсийн хойноос хуулиар шалгаад явахаар “хэлмэгдлээ” гэж зугтдаг байдалд манай иргэд автдагийг болимоор байгаа юм. Иргэд, ард түмэн “Авлигатай тэмц” гэж байнга шаарддаг. Тэмцээд ирэхээр “Чи яагаад тэмцээд байгаа юм”, “Хүн хэлмэгдэх гэж байна, болохоо байлаа” гэдэг. Тууштай л байя. Нэг л бодолтой, нэг л зам дээр хатуу байя. Авлига бол зөвхөн гэмт хэрэг биш. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдалд заналхийлж байгаа хамгийн буруу зүйл шүү. Үүнтэй өршөөлгүй тэмцэж байх ёстой. Ард түмэн үүнийг шаардаж байх ёстой. Хүний өөрийнгүй, аль нэг намыг ялгахгүйгээр хууль зөрчсөн л бол хойноос нь яв гэсэн шаардлагыг та нар тавьж байх ёстой шүү. /Алга ташив/
За, тайлангаа үргэлжлүүлье.
30. Монгол Улс нь НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох санаачилга гаргасан юм. Намайг 2009 онд гарч ирэхэд 148 орон байсан, одоо энэ санаачилгыг хэрэгжүүлээд 2016 онд тусгаар тогтносон Монгол Улс 184 оронтой дипломат харилцаатай боллоо. /Алга ташив/
Яагаад ийм бодлого явуулж байгаа юм бэ гэвэл Монголын маань нэр дэлхийд сайнаар гарч байх ёстой. Монголын жин нэмэгдэж байх ёстой. Монголоос хамаарах хамаарал нэмэгдэж байх ёстой. Тэгэх юм бол бидний бие даасан байдал, хөгжил цэцэглэл улам баталгаатай болно гэж боддог.
31. Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар Монгол Улс хатуу байр суурь баримтлах бодлогыг зарласан. Энэ чиглэлээр хууль тогтоомж гаргаж, түүний хэрэгжилтийг чангатгах санаачилга гаргалаа. Энэ тал дээр хатуу байр суурьтай орон гэж байдаг. Зөөлөн байр суурьтай орон гэж байдаг. Монгол Улс хатуу байр суурь баримтлахаас өөр арга байхгүй.
Та бүхэнд нэг зүйл захия. Хар тамхи, мансууруулах бодис гэдэг зүйлийг хаяа хатавчиндаа ч битгий ойртуулаарай. Хүүхдүүдээ, залуучуудаа хаана явж байгааг нь үргэлж харж байгаарай. Бид цөөхөн хүн амтай шүү. Бид нэг хэсгийг нь мансууруулж, янз бүрийн гэмт хэргийн золиос болгож, тэр хүний амьдралыг золимооргүй байна. Иймээс эхнээс нь маш их сайн харж байгаарай. Хэрэв түүнийг худалдаж байгаа, тийм зохион байгуулалттай зүйлд оролцож байгаа бол Монголын хууль хойноос чинь хатуу явна шүү гэдгийг бас дахин анхааруулъя. Энэ бол их санаа зовоосон асуудал болоод байгаа шүү. /Алга ташив/
Хэрэв хар тамхинд орсон байвал нуугаад байх хэрэггүй. Эмчилгээ, сувилгаанд маш хурдан оруулж байх хэрэгтэй. Хүн амьтан тийм зүйл зараад, танай хүүхэд хэлээд ирж байгаа бол хамгийн түрүүнд хууль, хяналтынханд хэлээрэй. Тэр хүмүүс очиж илрүүлэх үүрэгтэй.
32. Монголчууд олуулаа болох, элэг нэгт Монголчууд эх нутагтаа ирэх санаачилгыг УИХ-ын индрээс би зарласан. Манай маш олон иргэн гадагшаа ажиллаж, сурч байна. Гэр бүл болж байна. Аав, ээж хоёр нь Монгол Улсын иргэн. Гэтэл хүүхдийг нь төрөхөд бүртгэж ч авдаггүй шүү дээ. Одоо хуулиар Монгол Улсын иргэнээс гадаадад хүүхэд төрвөл бүртгэж авъя. Төрсний гэрчилгээ өгье. Монголдоо эргэж ирэх гэж байгаа бол гадаад паспорт өгье. Манай хүү сурахаар явсан. Тэнд хүнтэй суусан гэсэн. Ачаа үзмээр байна. 20 жил ачаа хүлээж байна гэсэн аав ээжүүд Монголд байдаг. Хүүхдээ хөтлөөд ороод ирэхэд нь Монгол Улсын иргэн шиг угтаж авдаг болъё гэж байгаа юм. Энэ бол хамгийн зөв бодлого. /Алга ташив/
Үүнийг зарим нэг буруу бодолтой хүн мушгих гэдэг юм. Мушгиад байх шаардлагагүй.
Мөн өөрийгөө Монгол гэдэг, монгол хэлтэй, соёлтой, Монголын төлөө нулимс унагаад, Монголын төлөө цацал өргөөд сууж байдаг улсууд байдаг юм. Бид тэр бүх хүнийг авч ирнэ гэж ерөөсөө ярихгүй. Тийм бодлого Монголд байхгүй. Үүнийг хатуу хэлье. Тэднээс Монголд орж ирээд, Монголд хөнгөлөлттэй байдлаар, хөх үнэмлэх зэргээр нэвтэрдэг, сурсан мэдсэнээ Монголын төлөө зориулаад явдаг боломжийг маш хязгаартай, хатуу хяналттайгаар, 10 хүн, 20 хүн гэсэн байдлаар нээж өгч болно.
Ажиа гэгээн гээд сайхан монгол хүн байдаг. Улаанбаатарт эмнэлэг байгуулаад явж байгаа. Яг түүн шиг хүнд нэг, хоёроор нь өгч болно гэж бодож байгаа. Түүнээс биш үүнийг цааш дэлгэрүүлэх бодлого байхгүй. Монголчууд олуулаа болох ёстой.
Монголын төлөө зүрх сэтгэлтэй, монгол уламжлал, хэл, соёлтой хүмүүстэй бид зөв, найрсаг харилцдаг байх ёстой гэсэн бодлогыг л хэлж байгаа юм шүү.
33.Үндэсний номын санд Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхим нээсэн. Номын санд ном бэлэглэх санаачилга өрнөж байгаа.
34. Тамгын газрын санхүүжилтээр “Цахим номын сан” байгуулах, ховор ном, гар бичмэлийг сэргээн засварлах, хадгалалтыг сайжруулах ажил хийсэн. Нэг сайн зүйл бол номын санд яваад очихоор баахан ном байдаг. Одоо номыг цахимаар хадгалдаг болсон. Хүн ном аваад явдаг биш, шууд флашаар бүтэн номыг буулгаж аваад, гэртээ ирээд компьютер дээрээ уншдаг болж байгаа юм. Ингэснээр ховор ном алга болохгүй. Чухал номууд хадгалагддаг систем рүү орсон. Монгол Улсын“Цахим номын сан” гэсэн төсөл рүү орсон явдал их чухал гэдгийг хэлье.
35. Төрийн албан хаагчид хуулиар ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлдэг болов. Энэ хуулийг санаачилж 2012 оны 5 дугаар сарын 1-нээс мөрдөж байна.
36. Монгол Улс соёлын, байгалийн болоод түүхэн өвөө хөөцөлдөж авдаг боллоо. Монголын нэхэмжлэл гадаад улсын шүүхээр ялалт байгуулж байна. “Батаар”-аар эхэлсэн түүх үргэлжилж байна. АНУ-ын шүүх дээр Монголын нэхэмжлэл ялалт байгуулсан шүү дээ. Манайхаас хулгайгаар гаргасан Т-Батаар гэдэг динозаврын үлдэгдэл эргэж Монголд ирсэн. Бараг 20 гаруй динозаврын үлдэгдэл ирж байгаа байх. Монгол Улс асар их динозаврын олдвортой гэдэг ч хүнд үзүүлэх юмгүй, ихэнх нь хулгайн замаар гарсан байдаг. Одоо үүнийхээ хойноос явж авч ирдэг болсон. Энэ бол Монголын нэрийг гаргах нэг чухал үзүүлэлт юм.
37. С.Зоригийн амь насыг хөнөөсөн асуудлыг мөрдөн шалгах үйл явцын талаарх мэдээллийг ҮАБЗ-ийн хурлаар анх удаа сонссон. Би үүнийг санаачилсан. Хууль, хяналтын байгууллагаас энэ хэргийг илрүүлэхэд шаардлагатай зөвлөмжийг гарган өгч хэрэгжүүлж байна. Энэ ажил үргэлжилж байгаа.
38. Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй болгох ажлыг хуульчлан хэрэгжүүлэв. Шүүх хурлын материал нээлттэй болсон. Шүүх гэдэг бол хүн айхаар байгууллага биш. Аливаа улсаас дүн аваад үзэхэд нийт ард иргэдийн 10 хувь нь л хууль зөрчсөн тохиолдол гардаг. 90 хувь нь хуулийнхаа дагуу амьдардаг. Шүүх тэр 10 хувьтай тэмцэж, шийтгэж байна гэдэг бол үлдсэн 90 хувиа хамгаалж байгаа юм шүү. Хүний эрх, сайн сайхны талд зогсдог байгууллага. Ийм байдлаар бид шүүхээ ойлгож хандах ёстой.
39. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа шүүхэд нэвтрэв. Иргэдийг чирэгдүүлдэг, ялладаг олон хэрэг, харилцаанууд иргэдийн эвлэрлээр шийдэгддэг боллоо. Өмнө нь маргаан үүсээд, ярилцаад, ял аваад явдаг байсан олон асуудлыг одоо иргэд шүүх дээр ирээд эвлэрүүлэн зуучлах харилцаагаар ороод эвлэрч шийддэг болсон. Шүүхгүйгээр бие биеэсээ уучлал гуйгаад, өгөх ёстой өр төлбөр байгаа бол тэдэнд төлнө гээд шүүхийн шийдвэр гаргуулаад буцдаг болсон. Иргэдээ өчүүхэн хэргээс болж барьж аваад шоронжуулаад байдгийг болиулсан. Шүүхэд ирж байгаа нийт гэмт хэргийн 40 хувь нь энэ замаар шийдэгддэг болсон шүү. Энэ бол маш том дэвшил гэдгийг энд хэлье. /Алга ташив/
40. “Монгол төгсөшгүй” – язгуур урлагийн тоглолтыг жил бүр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж ирэв.
41. Цаатан иргэдийн тухай зарлиг гаргаж хэрэгжүүлэв. Цаатан иргэдийн ахуй амьдралтай биечлэн очиж танилцсан. Бид олуулаа урагшилж байхдаа цөөхнийгөө ч хаяхгүй урагшлах ёстой гэсэн бодлого байдаг. Үүнийг үзүүлж харуулахын тулд ийм зарлиг гаргаж хэрэгжүүлсэн.
Энд нэг хэсэг асуулт ирсэн байна.
-Сонгуулийн дараа шинэ гишүүд тангараг өргөнө. Та хамгийн түрүүнд ямар хууль санаачилж оруулах вэ?
-Надаас биш, шинээр гишүүн болох гэж байгаа улсуудаас та бүхэн маш чухал зүйлийг асуух хэрэгтэй. “Чи гишүүн болох гэж байна. Хэрэв чи үүргээ биелүүлэхгүй бол чамайг буцааж татдаг хуулийг чи дэмжих үү? Үүнд л хариу өгчих. Чи тангаргаа өргөөд эхний батлах хууль чинь энэ байх уу?” гэж асуух хэрэгтэй. Байна гэвэл та нар санал өг. Ард түмэн одоо янз бүрийн үгэнд хууртахаа больсон. Яг хэлээд хийдэг хүний төлөө л бид нар явах ёстой.
УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийж байхдаа баригдах юм бол хойноос нь хуулийнхан явдаг. Газар дээрээ баригдаагүй бол яах ч үгүй гэсэн хуультай. Энэ хуулийг өөрчлөх ёстой. Хуулийн байгууллага асуудал тавьсан л бол УИХ-аас буцааж татдаг хэлбэр рүү оруулах хэрэгтэй байгаа юм. Эдгээрийг та нар асуугаарай. /Алга ташив/
УИХ-ын гишүүн болчихоод, давхар сайдын ажил аваад, алийг нь ч хийдэггүй цалгардуулдаг. “Давхар дээл” гээд байдаг. “Чи үүнийг зогсоож чадах уу?” гэж та нар асуух ёстой. Бусад оронд хүмүүсийн асуудаг зүйл ингэж нарийссан юм билээ. Тэр нөхөр үүнд яаж хариулж байна гэдгээр сонголтоо хийдэг юм билээ. Энэ хяналтыг ард иргэд хийж чадах юм бол төр хариуцлагатай болно. Энэ асуултыг та бүхэн гишүүдээсээ асуугаарай.
Төрийг хариуцлагатай болгохын тулд би Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа зогсолтгүй хойноос нь хөөцөлдөнө гэдгийг хэлье.
-Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээс хойш дарга нар төсвийн мөнгийг хамаагүй зарцуулдаг нь багассан. Гэвч 5 сая төгрөгөөс доош мэдээлэхгүй байгаа. Цаашид нэг мянган төгрөгийн гүйлгээ хийсэн ч Шилэн дансанд оруулдаг болмоор байна. Зарим байгууллага нэг удаагийн худалдан авалтад зарцуулсан 5 сая төгрөгөөс дээш гүйлгээг хоёр хуваах байдлаар Шилэн дансанд оруулахгүй байна. Үүнийг яах вэ?
-Одоо төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд дээр нэг зүйл бий болсон. Наад зах нь дарга нь, нягтлан нь “Шилэн данс гэж юм байгаа шүү. Энэ мөнгийг яаж зарцуулах юм” гэж ярьдаг болсон. Энэ маш чухал. Иргэд үүн дээр хяналт тавих ёстой. Би энэ дээр санал нэг байна. Би уг нь нэг сая төгрөгөөс дээш бүх гүйлгээг Шилэн дансанд оруулна гэж хууль оруулсан. Гэтэл УИХ дээр хэлэлцэж байгаад 5 сая төгрөгөөс дээш гэж өөрчилсөн. Одоо төрийн байгууллагууд 4 сая 900 мянган төгрөгийн шилжүүлэг хийгээд байна гэнэ. Бүр заримдаа 4 сая 999 мянган төгрөгийн шилжүүлэг хийж байна гэж байгаа. Хуулиас яаж тойрохоо бас мэдээд байх юм л даа. Энэ хүн шиг мянган төгрөгөө ч Шилэн дансанд хийхийг уг нь хориглоогүй шүү дээ. Зарим байгууллага мэдүүлж байгаа. Энэ маягаар Шилэн дансны хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна. Энэ саналыг би дэмжиж байна. /Алга ташив/
-Манай Дархан маш хурдан цөлжиж байна. Та уур амьсгалын асуудлаар нэлээд санаачилга гаргасан. Хөрс хамгаалах хууль санаачилж өгнө үү?
-Энэ маш чухал. Энэ хуулийг санаачилж монголчууд хэрэгжүүлэх ёстой. Мөн мод үржүүлэх, мод тарих асуудалд онцгой анхаарч ажилладаг. Айл бүхэн хашаандаа мод үржүүлдэг байгаасай. Мод тарих нь эдийн засгийн утгатай болбол хүмүүс их сонирхдог юм байна. Хашаандаа мод үржүүлэхэд нэг жилд нэг төө л ургадаг. Найман жил ургасан мод найман төө ургасан байгаа юм. Сая Дарханд мод тарихад найман төө мод байна. Энэ хэдэн төгрөгийн үнэтэй мод вэ гэхэд 250 мянган төгрөг орчим гэж байна. Найман жил хашаандаа тордож ургуулаад мод тарих өдрөөр мод тарьж байгаа аж ахуйн нэгжид худалдаж болж байна. Мөнгөө банкинд хадгалуулахад заримдаа ханш нь унадаг. Мод тариад, түүнийгээ арчлаад, борлуулаад байхад болж байна. Би Монгол Улсад айл бүхэн хашаандаа мод үржүүлээсэй гэж бодож байна. Модны хойноос бид явах ёстой. Энэ эргээд мөнгө болох юм байна шүү. Эргээд цөлжилттэй тэмцэх боломжийг бүрдүүлэх юм байна гэдгийг хэлье.
-Нам замбараагаа алдлаа. Манай Дарханы МАН, АН дотроо байнга хагаралддаг. Улс төрийн намын тухай хуулиа дахин өргөн барих уу?
-Дахин өргөн барина аа.
-Би энэ жил их сургуульд орно. Та Харвардад суралцсан гэсэн. Би Харвардад тэнцэхийн тулд юун дээр анхаарах вэ?
-Миний нэг хэлдэг зүйл бол хэрэв чи 12 дугаар ангиа төгсөөд гадаадын их, дээд сургуульд орох гэж байгаа бол орохын төлөө явах хэрэгтэй. Би зарлиг гаргаад БСШУЯ хэрэгжүүлж байгаа. Дэлхийн шилдэг сургууль гэж жагсаалт байдаг. Монгол Улсаас тэр жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд хүүхэд элсэж орвол шаардлагатай байгаа сургалтын зардлыг нь Монгол Улс даах зарлиг гаргасан. Хэний ч хүүхэд байсан хамаагүй. /Алга ташив/
Энэ хэрэгжээд явж байгаа. Одоо энэ дээр мөнгө гаргахад гар татмааргүй байгаа юм. Хүн хүүхдээ боловсролтой сайн болгоход гар татдаггүй шүү дээ. Үүнийг монголчууд дэмжих хэрэгтэй. Эхний 20-иос 100 хүртэл жагссан сургуульд орж байгаа бол Монгол Улсын Засгийн газар тодорхой чиглэлээр Монголд хэрэгтэй мэргэжил зарлана. Тэр мэргэжлээр элсвэл мөн төлбөрийг нь даана гэсэн шийдвэр гарсан. Хэрэгжиж байна. Үүнийг улам өргөжүүлэх хэрэгтэй. Монголоос хүүхэд ордог л юм бол мөнгийг нь төлдөг байх хэрэгтэй гэсэн энэ зарчмыг бид цаашид хэрэгжүүлэх хэрэгтэй.
Миний боддог зүйл бол 12 дугаар анги төгсч байгаа хүүхэд эхлээд Монголдоо 4 жил сурч болно. Монголын боловсролын байгууллага тийм муу биш шүү дээ. Дараа нь 3-4 жил ажиллаж байгаад мастер хийх гэж байгаа бол гадаадын их дээд сургууль руу явах хэрэгтэй. 3-4 жил ажиллана гэдэг бас нас тогтоно. Авгай хүүхэдтэй болно. Цаашаа хийх сонголт их хэрсүү болно. Энэ талаас нь бас бодох л хэрэгтэй.
Гадагшаа суръя гэвэл хэл хэрэгтэй. Хэлгүй хүн хөлгүй гэдэг. Англи хэл, бусад хэлийг маш сайн сурах ёстой. Би хувьдаа боддог. Монгол Улсын насанд хүрсэн хүн бүр наад зах нь 2 хэлээр, болж өгвөл 3 хэлээр чөлөөтэй ярьдаг л болох хэрэгтэй. Монголоороо чөлөөтэй, англиар чөлөөтэй, оросоор чөлөөтэй гэдэг ч юм уу. Ийм хэмжээнд монголчууд хүрэх ёстой. Ийм боломж манай хүмүүст байдаг. Ийм байдлаар хүүхдүүдээ дэмжээрэй.
-ОХУ-д визгүй зорчдог болсноор манай дарханчууд Орос руу их гарч ордог болсон. Оросын иргэд ч Дарханд ихээр ирж байгаа. Иймд Дарханы аялал жуулчлалыг цогц байдлаар хөгжүүлбэл ямар вэ?
-Би энэ саналыг бүрэн дэмжиж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж байхдаа энэ санаачилгыг гаргаж хийсэн. Орос руу бид визгүй зорчдог болсон. Энэ бол зөв санаачилга. Үүнийг дэмжих ёстой. Цаашаа тайлангаа үргэлжлүүлэн танилцуулъя.
42. “Их майдар” цогцолбор төслийг үндэсний бүтээн байгуулалт болгох зарлиг гаргасан.
43. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах санаачилгыг олон улсад гаргав. Говьтех, сэргээгдэх эрчим хүчний Азийн супер сүлжээ төслийг боловсруулах санаачилга гаргаад, олон улсаас дэмжлэг аваад явж байна.
44. “Монгол бахархалын өдөр” бий болгов. Энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэж их өвөг дээдсийнхээ түүх, өвийг сурталчилдаг болов. Чингис хааны одонг энэ өдөр гардуулдаг болсон. Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллоор гаргаж, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг болсон. Монголчууд дэлхийд нэрээ гаргасан, хаадын хаан болсон гайхамшигтай хүмүүсээрээ бахархах ёстой. Монголд бахархах зүйл олон байдаг.
45. “Орон нутгийн хөгжлийн сан” бий болгох санаачилга гаргаж төсвийн хуулинд тусгаж хэрэгжүүлэв. 2013 оноос хойш орон нутагт 489 тэрбум төгрөгийн санхүүжилт энэ сангаар дамжиж хийгдэж, олон мянган төсөл, ажил, хөтөлбөр орон нутагт хэрэгжив. Түүний дотор Дархан-Уул аймагт олон ажил хийгдсэн. Харамсалтай нь Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гэж тавиад гүйцэтгэл нь бага байгаад байгаа юм.
2014 онд Дархан хотод 9 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Ирсэн нь 6 тэрбум төгрөг. Энэ мөнгө ингэж буураад байгаа юм. Саяхан би УИХ-ын гишүүдээс шаард гэж хэллээ шүү дээ. 2016 онд мөнгө буурсан байгаа биз. Төсөвлөсөн 3,9 тэрбум төгрөгөөс ирсэн нь дөнгөж нэг тэрбум төгрөг. Ийм байж болохгүй. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилээс нь бууруулахгүй байх ёстой. Дандаа өсгөх ёстой. Орон нутагт мөнгө ирвэл төвийн төсвийн мөнгөнөөс зөв зарцуулагддаг. Нэг дахин хямд байна гэж байгаа. Улаанбаатараас төвлөрсөн төсвөөс санхүүжигддэг мөнгө янз бүрийн гараар ороод бүх зүйлийн үнэ өсөөд байхад хөгжлийн сангаас зарцуулагддаг мөнгө ард түмний хяналт дор байдаг учраас муу гараар орох нь бага байдаг юм байна. Тэгээд орон нутгийн ард иргэд орж байгаа. Орон нутгийнхан ажилтай болж байгаа. Энэ их чухал санаачилга шүү хүмүүс ээ. Үүний төлөө яваарай гэдгийг дахиж хэлье. /Алга ташив/
46. Монгол залуусыг дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн орвол дэмжлэг үзүүлэх тухай зарлиг гарган хэрэгжүүлж байгаа гэж би түрүүн хэллээ. Сүүлийн 3 жилд 200 гаруй оюутан энэ тэтгэлэгт хамрагджээ. Энэ бол боломжтой. Оюутан хамрагдаж л чадах юм бол тэтгэлэг олгодог байх бодлого хэрэгжүүлье гэж би хэлээд байгаа юм.
47. Цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжих тухай зарлиг гаргаж Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, иргэдийн санаачлагыг дэмжин ажиллаж байна. Монгол Улсын нийт аймаг, сумдын 78 хувь нь шинээр буюу шинэчилсэн цэцэрлэгт хүрээлэнтэй болсон. Энэ бол их сайхан мэдээ байгаа юм. Манай ард иргэд амардаг, очдог газартай болсон. Дарханд энэ санаачилга сайн явж байгаад баяртай байна.
48. “Номын баярын өдөр”- тэй болох зарлиг гарснаар жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт энэ өдрийг тэмдэглэдэг болов. Зөвхөн Улаанбаатарт, Чингисийн талбай дээр биш, бүх аймаг, сумдад тэмдэглэж байх ёстой.
49. Монголын газар шороонд цөмийн хаягдал булшлахгүй гэсэн мэдэгдлийг НҮБ-ын 67-р чуулганы индрээс олон улсад зарлав. Энэ тухай зарлиг гарган мөрдөж байна. /Алга ташив/
Охинтой айлын нохой сэргэг байдаг гэсэн нэг үг байдаг. Цөмийн хаягдал гэдэг зүйл дээр бид сэргэг байх хэрэгтэй. Ашигт малтмалтай айлын төр их л болгоомжтой байх хэрэгтэй юм байна гэж хувьдаа боддог. Ямар нэг хаягдал булшлах тухай санал, санаачилга, ямар нэг үйл ажиллагааг Монгол Улс дэмжихгүй байх ёстой. Үүн дээр манай ард иргэд сэргэг байх ёстой.
50. “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн, уралдааныг жил бүр Ерөнхийлөгчийн ивээл дор хийж хэвшүүлэв. Монгол калиграфыг дэлхийн өвд 2013 онд бүртгүүлсэн. Энэ чиглэлээр монгол бичгээр бичдэг хүүхдүүд, анги, сургуулиуд маш их нэмэгдэж байгаа. Үүнийг сайн санаачилга гэж би бодож байгаа.
51. Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр НҮБ болон Давосын чуулганд оролцож улсынхаа бодлого, оролцоог олон улсын тавцанд нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Маш олон урилга ирдэг, маш олон хурал, зөвлөгөөн болдог. Гэхдээ энэ хоёр гол зөвлөгөөнд байнга оролцож Монголынхоо бодлого, нэрийг гаргаж явах ёстой гэсэн байр суурийг би барьдаг юм.
52. Монгол Улсын Үндсэн хуулийн хичээлийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр бүх сургуульд ордог болов.
53. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх тухай Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гарган хэрэгжүүлж байна. Үүнтэй тэмцэж байгаа хүмүүс гартаа барих юмтай боллоо гэж их баярлаж, зарлигийг хэрэгжүүлэхийн төлөө явдаг болсон. Хуульд нийцүүлж гаргасан зарлиг бол хууль адил хэрэгжинэ гэсэн үг Үндсэн хууль, хууль тогтоомжид байдаг. Тийм учраас Ерөнхийлөгчийн зарлигийг газар бүр хэрэгжүүлж байх ёстой.
54. Тамгын газрын дэмжлэгээр тууль хайлах гэдэг гайхамшигтай өв соёлыг сэргээх, өвлөн уламжлах, хадгалах зорилгоор өвлийн сүүл сард тууль хайлдаг уламжлалыг сэргээлээ.
55. Олон жил ярьж ирсэн тулгамдсан олон асуудлаар улсын зөвлөлгөөн санаачлан хийв. “Шууд ардчилал – Иргэний оролцоо”, “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”, “Орон нутгийн эрх мэдлийг бэхжүүлэх нь”, “Том төрөөс ухаалаг төр рүү” гэх мэт санаачилгыг гаргаж ярилцсан.
56. Өвлийн спортыг дэмжих тухай зарлиг гаргаж, хийх шаардлагатай ажлуудыг тодорхойлон ажиллаж байна.
57. Шилдэг залуу эрдэмтэн, эмч, оюутан тодруулж урамшил, тэтгэлэг олгодог ажил цаашаа үргэлжилж байна.
58. “Зүүн хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаархи Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг бүс нутгийн хэмжээнд дэвшүүлэв. Энэ нь бүс нутаг, олон талын дэмжлэг, оролцоотой Монголын хаягтай идэвхтэй механизм болон хэрэгжиж байна.
Одоо зарим асуултад хариулъя.
-Найман хувийн хүүтэй зээл авсан хүн 5 хувийн хүү рүү шилжиж болох уу?
Би үүнийг наашаа гарахын өмнө УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас тодруулсан. Болно гэж байна лээ шүү. Дарханд болох юм байна. Танайх 8 хувийн хүүтэй зээл авч байсан бол банкин дээрээ очоод 5 хувийн хүү рүү шууд шилжиж болно. /Алга ташив/
Банкнууд жаахан хойрго хандаж байгаа юм билээ. Яагаад гэвэл 8 хувийн хүүгээр арай илүү мөнгө төлүүлэх гээд байна шүү дээ. Тиймээс ямар нэг нөхцөлгүйгээр 5 хувийн хүү рүү шилжих боломжтой шүү. Улаанбаатарт бол тодорхой дүүргүүд дээр, гэр хорооллын газар дээр барилга барьж байгаа бол, инженерийн шугам сүлжээгүй газар дээр барьж байгаа бол 5 хувийн хүү гээд бусад газарт нь 8 хувийн хүүг хадгалж байгаа. Улаанбаатараас бусад газарт 5 хувийн хүү хэрэгжих боломжтой.
-Эрүүгийн хуулийг бүтнээр нь өөрчилсөн гэх юм. Ямар өөрчлөлт орсон бэ?
-Бүтнээр нь өөрчилсөн учраас бүтнээрээ л өөрчлөгдсөн. Энэ маш чухал хууль шүү. Хүнийг гэмт хэрэгт орлоо гэж шийтгэдэг хууль. Энэ хуулийг авч хэлэлцдэг гол хуулиуд сая батлагдлаа. Хууль сахиулах салбарын тухай хууль, Зөрчлийн хууль гэж гарлаа. Өмнө нь зөрчил, эрүү гээд бүх юм хамт байсан юм. Бага зөрчил гаргасан ч эрүү болоод явдаг. Одоо бол зөрчлийн хэрэг гаргасан бол Зөрчлийн хуулиар тусдаа шийдэгдэнэ. Эрүүгийн хэргээр шийтгэгдсэнд тооцохгүй. Энэрэнгүй, хүн рүүгээ хандсан зөв хууль болж байгаа. Эрүүгийн хууль тусдаа гарсан.
Энэ бол зүйрлэж хэлбэл 1990 онд мал хувьчилсантай адилхан том шинэчлэл болж байгаа. Орон сууцыг 1998 онд оршин суугчдад нь өгсөнтэй адилхан том шинэчлэл хуулийн салбарт явж байгаа шүү. /Алга ташив/
-Сонгуульд оролцож байгаа намууд, нэр дэвшигчдэд та юу гэж хэлэх вэ?
-Сонгуулийн хуулиа ягштал мөрдөх хэрэгтэй. Ард иргэддээ сайн таниулах хэрэгтэй. Хамгийн гол нь төр хариуцлагатай болох ёстой. Энэ чиглэлд маш тодорхой хөтөлбөрийг тэр хүмүүст дэвшүүлсэн байх ёстой. Бие биеэ муулсан, муухайгаар дайрсан хар зүйл бага байгаасай гэж бодож байна. Зөвхөн юу хийх вэ, хэзээ хийх вэ, хэрхэн хийх вэ гэдэг шийдлээрээ намууд, нэр дэвшигчид өрсөлдөөсэй гэж бодож байна.
-Та хамгийн гол асуудлаа ярьсангүй ээ, авлигын загалмайлсан эцгийг дарсан тухайгаа ярьсангүй?
-Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой шүү дээ.
-Таны тайлан танилцуулгад ороогүй үлдсэн зүйл юу байна?
-Тайланд ороогүй үлдсэн зүйл их бий. Миний хийсэн уулзалтууд, хөдөө ажилласан томилолтууд, миний ивээл дор явдаг арга хэмжээнүүд, хууль, төсөл, зөвлөгөөн гэх мэт. Энэ бүгдээс хэрэгжиж биелсэн ажлыг онцолж тайланд тусгасан. Одоо тайлангаа үргэлжлүүлье.
59. 2013 онд Монгол Улсыг шилэн дансны тогтолцоонд шилжүүлэх зарлиг гаргасан. Мөн Шилэн дансны хууль санаачилж Их Хурлаар батлуулан хэрэгжилтийг нь дэмжин ажиллаж байна. Монголын энэ санаачилга олон улсаас өндөр үнэлгээ авч байгаа юм.
Энэ хууль зөвхөн манай ард иргэдээс төдийгүй олон улсаас дэмжлэг авч байгаа. Монголд Шилэн дансны тухай хууль гаргасныг сонсоод манайд ирж туршлага судлаад, энэхүү хуулийг өөрийн улсад нэвтрүүлэхээр хэд хэдэн улс орны төлөөлөл ажиллаж байгаа. Тиймээс энэхүү хууль нь манай улсын нэрийг дэлхийд сайнаар гаргаж байгаа ажил болсон.
60. Өнгөрсөн 2014, 2015, 2016 оныг дамжин “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийг ард иргэд маань ихээхэн дэмжиж байна. Хүүхдээ цэрэгт явуулаад, бие бялдрыг нь хөгжүүлж эх оронч хүмүүжилтэй болгоод, наад зах нь үг даадаг болгохын төлөө энэ үйл ажиллагаа зориулагдаж байна. Хүүхэд тань оюутан гэж сургуульд яваад цэргийн албаа давхар хаагаад ирэх юм бол энэ чухал санаачилга.
Тийм учраас нэг жилийн цэргийн албанд заадаг зүйлийг зургаан сард шахаад явах ийм чиглэл рүү бид явж байна. Цаашид би нэг санаачилга хэрэгжүүлье гэж бодож байна. Зөвхөн их дээд сургуулийн оюутнууд биш, ялангуяа мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Оюутан-цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байгаа юм. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд дотуур байртай шүү дээ. Тэгэхээр мэргэжлээ эзэмшихийн хажуугаар цэргийн албаа хаагаад ирэх ёстой. Бүр тэнд байгаа захирлыг нь цэргийн алба хаагаагүй бол энэ сургалтад хамруулаад, давхар бэлтгэл офицер цол олгоод явчихмаар байгаа юм.
Сингапур зэрэг улсад хүйс харгалзахгүй цэргийн алба хаадаг. Өмнөд Солонгост бол 18-аас дээш насны хүн бүхэн цэргийн алба хаах ёстой байдаг жишээний. Харин Монголд боловсролын системээр дамжин цэргийн алба хаадаг болмоор байгаа юм. Зэвсэгт хүчний анги дээр хоёр сар, хилийн цэрэг дээр хоёр сар болоод эргээд зэвсэгт хүчний анги дээр хоёр сар болоод ир. Дараа нь 45, 48 нас хүртлээ хааяа сургалтад хамрагдаад бүртгүүлээд явдаг ийм хэлбэр шүү дээ.
61. Хуримтлалын бүлгийн санаачилгыг дэмжих зарлиг гаргасан. Энэ санаачилгыг дэмжиж ажиллахыг хүмүүст уриалсан. Энэ бол үнэхээр зөв санаачилга. Хүмүүс хэд гурван мянган төгрөг нийлүүлээд хашаа хороо, гудамжаа засах, тэр хавьд байдаг архи уудаг хүнээ архины эмчилгээнд явуулах гэх мэт ажлыг санаачилж болно. Энэ санаачилгыг гудамж бүхэн, газар бүхэнд хэрэгжүүлбэл Монголын нийгэм сайхан болно гэж бодож байна.
62. Тархан суурьшсан монголчууд, тэдэнд чиглэсэн, олон нийтийн соёл, урлаг, спортын арга хэмжээ, уран бүтээлчдийн санал санаачилгыг цаг тухайд нь дэмжиж ажилласан.
63. Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрын утсан хөгжим, их төгөлдөр хуурыг иж бүрэн шинэчлэх төслийг дэмжиж хэрэгжүүлсэн.
64. ЮНЕСКО-той хамтран Алтай, Хангай, Хэнтий, Саяаны уулс дахь хадны зураг, хүн төрөлхтний түүх соёлын өвийг судлах, хамгаалах төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Манай өвөг дээдэс хадан дээр ийм сайхан зураг зураад үлдээсэн байдаг.
Энэ өв устаж үгүй болох хандлагатай байдаг учраас энэ өвийг зураг, бичлэг гэх мэт баримтжуулах аргаар үлдээж авах санаачилгыг гаргасан. Дэлхийн бараг бүх улс оронд хадны сүг зураг байдаг юм байна. Эдгээр улс орны иргэд Монголд ирнэ. Уг асуудлаарх олон улсын анхны хурал энэ 5 сарын 30-нд Улаанбаатар хотод болно. Бид энэ сэдвээр олон улсын хурал хийж байгаа анхны орон болж байна. Байгаль түүхийн өв соёлоо сурталчилдаг орон болох ёстой.
65. Алдарт эхийн одонгийн болзлыг өөрчлөх санал гаргаж, алдарт эхийн одонт ээжүүдийн чуулга уулзалтыг Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр хийдэг болсныг та бүхэн санаж байгаа байх.
66. Монгол Улсын иргэд ОХУ-д визгүй зорчдог болсон байгаа. Энэ тухай би хэлсэн. Ер нь жил бүр ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн тоо хоёр дахин өсч байгаа. Үүний үр шимийг хамгийн түрүүнд хүртдэг иргэд маань манай дарханчууд юм. Наад зах нь хойд хилээр гараад мянган төгрөгний хямд бензин хийгээд ороод ирдэг болсон байна гэж дуулсан. Болж л байна шүү дээ.
67. Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн орон баталгаажуулж гарын үсэг зурсан.
68. Говийн баавгай – мазаалайг хамгаалах олон нийтийн санаачилгыг дэмжиж ажиллаж байгаа. Энэ асуудалд НҮБ болон бусад байгаль орчны идэвхтнүүдийн анхаарлыг хандуулж ажиллаж байгаагийн дүнд мазаалайн тоо нэмэгдэх боломжтой болж байна. Устан үгүй болж байгаа дэлхийн амьтдын нэг нь мазаалай юм.
69. Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох оролцоо, хүчин чадал, байр суурь, нэр хүнд улам бүр нэмэгдэж байна. Ерөнхийлөгчийн хувиар би Өмнөд Судан дахь энхийг сахиулагчдаа эргэж очсон. Тэнд бүхэл бүтэн батальон, цэргийн 850 албан хаагч Монголын нэр хүндийг өргөн үүргээ гүйцэтгэж байна. Та бүхэн мэдэх байх Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог дэлхийн 20 орны нэгээр тодорсон байдаг. Одоо таван оронд ийм хэмжээний Монголын үр сад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байдаг. /Алга ташив/
70. Бид үндэсний монгол бичгээ дэмжээд зогсоогүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг Монгол бичгээр давхар хөтөлж хэвшүүлсэн. Монгол бичигтэй гадаадын иргэд энэ цахим хуудсыг өргөнөөр ашигладаг.
71. Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, төсөв, хөгжлийн сангийн зарцуулалт, албан тушаалтны томилгоо, байгаль орчин гээд иргэдэд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн хяналт, оролцоог хангах Нийтийн сонсголын тухай хууль батлагдсан шүү. Одоо Дархан хотын төрийн ямар нэгэн байгууллагын талаар хэл ам гарвал иргэд маань Сонсголын хуулийн дагуу сонсголоо хийе, иргэддээ тайдангаа тавь гэж шаардах эрхтэй болсон шүү. Зөвхөн Улаанбаатар хотод УИХ ажилладаг юм биш, Дархан хотод ч, аймаг суманд ч ажиллаж байх ёстой. Иргэд нь удирдлагадаа шаардлага тавьж ажиллах эрхийг гарт тань өгсөн шүү. Энэ эрхийг сайн ашиглаарай.
72. Шүүгчдийн хараат бусаар ажиллах боломж нөхцөлийг хангахад анхаарч нэлээд ажилласан. Манай шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Нөлөөллийн мэдүүлэг гэдэг нь тухайн шүүгч хэрэг шийдэх гэж байтал мөнгөтэй, эсвэл том албан тушаалтай этгээд нөлөөлөх гэж үзвэл мэдүүлэгтээ шууд тусгадаг болсон. Тэгээд шүүгчид нөлөөлөхийг завдсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болсон. Монгол Улс ийм хуультай болсон шүү.
73. Монгол Улс БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон. Хоёр орны Төрийн тэргүүний төрийн айлчлал ажилттай болсон.
74. “Монгол хэлний их тайлбар толь” төслийг Тамгын газрын дэмжлэгтэйгээр хийж байгаа. Өмнө нь Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” гэж байдаг байсан. Ийм номыг бид цахим хувилбарт оруулж байна. Тийм учраас та бүхэн онлайнаар ороод үг нэмж болно. Монгол хэл бол агуу гайхамшигтай баялаг хэл юм. Тийм учраас энэ баялаг хэлийг цааш нь өргөжүүлэн баяжуулах боломжтой болж байна.
Түр хугацаанд иргэдээс ирсэн асуултад хариулъя.
-АСЕМ-ийн тухай мэдээлэл их гарч байна. Зардал хэр гарч байна вэ. АСЕМ-ийн дараа Монголд юу үлдэх вэ?
-Ази-Европын дээд хэмжээний уулзалт бол маш чухал уулзалт. Энэ уулзалтаар 53 орны төр, засгийн тэргүүн ирэхийг та бүхэн мэдэж байгаа. Энэ тухай би тусад нь ярьсан учраас нэмж ярихгүй. Энэ чуулганы дараа Монголд хийсэн зүйлүүд үлдэнэ. Манай залууст чуулганыг зохион байгуулах, оролцох үеэр сурсан зүйл үлдэнэ. Мөн дээрээс нь Монголд ийм том хэмжээний арга хэмжээ зохион байгуулж болдог юм байна гэж дэлхийн орнууд ойлгох учраас манай улсын нэр хүнд дээшилнэ. Тиймээс энэ чуулган асар олон сайн үр дагавартай.
-Та олон ах дүүтэй гэсэн. Хэд нь төр болон хувийн хэвшилд том бизнес хийж байна вэ?
-Би дээрээ долоон ахтай. Ээж маань амь сэрүүн үедээ бүх үр хүүхэд, ач зээгээ цуглуулахад 140-өөд хүн болж байсан. Хоёр жилийн өмнө байна уу даа. Тэгэхээр хүн гэдэг, эмэгтэй хүн гэдэг үнэхээр гайхалтай. Нэг хүн ийм олон болдог юм байна. Надад үнэхээр сайхан санагдаж байсан.
Миний зарчим тодорхой. Би төрд ажиллаж байгаа тохиолдолд ах дүү, төрөл садандаа татлаа түлхээ үзүүлдэг, ард түмний мөнгийг завшуулах гэж оролддог байдлыг бүр 1990 оноос хориглосон. Энэ замаараа л явж байгаа. Энэ зарчмыг төрийн бүх албан хаагчид баримталж байх ёстой. /Алга ташив/
75. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг санаачилж ажил хэрэг болгосон. Ер нь манай гурван улс энэ олон мянган жилийн түүхэнд Төрийн тэргүүнийхээ хэмжээнд уулзаж байгаагүй юм байна лээ. Энэ уулзалтыг анх удаа Монгол Улсаас санаачилж хэрэгжүүлсэн. Ирэх зургадугаар сард гурав дахь уулзалт нь болно. Бидэнд гурван улсын хооронд дамжин өнгөрөх тээвэр болон бусад асуудлаар ярих шийдвэрлэх зүйл их байдаг.
76. Үйлдвэржилтийг эрчимжүүлэх, бүтээгчдээ дэмжих талаар зарлиг гаргасан. Энэ чиглэлээр тусгайлан хууль гарч, төрийн яам байгуулагдсан. Энэ чиглэлээр хийж байгаа ажил олон бий. Монголчууд бид үйлдвэрлэдэг болсон шүү. Нэг үе бид хадаас, лааз ч хийж чадахгүй байна гэж ярьдаг байсан. Гэтэл одоо хийдэггүй зүйл гэж байхгүй болсон доо.
Ялангуяа барилгын материалын үйлдвэрлэл Монголд асар хурдацтай өсч байна. Төмөр хийц, цемент, бетоноос гадна малын гаралтай бүтээгдэхүүн болох ноос ноолуур, арьс ширээр хийдэг зүйл зэргийг дурдаж болно. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнийг өргөнөөр үйлдвэрлэдэг болж.
77. Зэвсэгт хүчин, хил, онцгой байдал болон хууль сахиулах байгууллагуудаас төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалсан, шаардлагатай хүн хүч, материаллаг байдлыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Эдгээр байгууллагууд нэг үеэ бодоход нэлээн сайжирсан.
78. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад 52 дахь гишүүн нь болж элссэн. Энэ бол Европын байгууллага шүү дээ. Энэ байгууллагад элсэн орсноор Монголын гадаад дахь нэр хүнд, аюулгүй байдал, хамтын ажиллагааны цар хүрээ улам нэмэгдэж байгаа.
79. “Малчин – 1000 мэргэжлийн эзэн” санаачилга гаргаж хэрэгжүүлсэн. Нэг сайн мэдээ дуулгахад малчин өрх бүр банкинд данс нээдэг болжээ. Малчин бүр нэрийн тэмдэгт ашиглаж, санхүүгийн харилцаанд бие даан оролцож, мянган мэргэжлийн үнэмлэх авдаг болсон. Монголчууд бид малчин удмаа малчдыгаа дэмжсэн энэ ажлаа цааш нь хэрэгжүүлж явах ёстой.
80. “Монголын эх түүх”-ийг 7 ботиор хэвлэх санаачилгыг дэмжин олон нийтийн хүртээл болгосон.
81. Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд онцгой анхаарч олон нийтийн санал санаачилгыг дэмжиж ажилласан. Энэ тухай зохих хуулиудад тусгай бүлэг болон орсон. Ялангуяа Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг заалтууд шинээр орсон шүү. Эхнэртээ, эмэгтэй хүнд, хүүхдэд манай эрчүүд архи уухаараа гар хүрвэл хуулиар шийтгэгддэг болж байна. Анхааралтай байгаарай. Бие биеэ хайрлаж, дэмжиж яваарай. Гэр бүл дотроо зодоон хийхгүй байя.
Гудамжинд хүн алгадаад авбал гэмт хэрэг болдог, харин гэр бүл дотор гэмт хэрэг гэж үздэггүй байсан бол одоо эрүүгийн хэрэг болсон. /Алга ташив/
82. Халх голын дайны ялалтын 75, Аугаа эх орны дайны ялалтын 70, Чөлөөлөх дайны 70 жилийн тэгш ойг тэмдэглэх үеэр бид нар маш олон зүйл хийсэн. Эдгээр дайнд оролцсон дайчдынхаа архивын бүх материалыг гаргаж хэвлэсэн. Мөн дээрээс нь хөшөө дурсгалыг сэргээж, шинээр хийж бүтээсэн. Монголчууд бид Аугаа эх орны дайнд 500 мянган морь илгээсэн шүү дээ. Эдгээр морьдод зориулсан хөшөөг бүтээж Москвад хүргүүлсэн. Энэ хөшөөг Оросын тал хамгийн хүндэтгэлтэй газраа байршуулна гэж байгаа. Ийм сайхан үйл явдлууд болж байна. Монгол цэргүүд анх удаа Москвагийн Улаан талбайд, Бээжин хотын төв талбайд ёслолын парадад оролцсон.
83. Монгол Улсын нэр хүнд оролцоо, бодлого үйл ажиллагааны бие даасан байдлыг бататгахад чиглэсэн “Азийн чуулган”, “Төвийг сахих” зэрэг санаачилгуудыг гаргаж хэрэгжүүлж байгаа. Энэ асуудлаар бид эрдэмтэн мэргэд хүмүүстэй ярилцаж байгаа.
84. “Морьтон Монголчуудаа – Морио унацгаая” санаачилга, уриалгыг би гаргасан. Сүүлийн үед хөдөө орон нутагт мотоциклиос унаж гэмтэх, амь насаа алдах тохиолдол олонтаа гарч байна. Тийм учраас чанаргүй мотоцикль унахын оронд багийнхаа хуралд, сумынхаа наадамд морьтойгоо ирдэг байя. Энэ санаачилгыг хөдөө орон нутагт маш их дэмжиж байгаа. Бид морь унана гэдэг Монголын гайхамшигтай соёлыг авч явж байна. Морь унахын тулд эмээл, хазаараа хийнэ, морь унахын тулд хөдөлмөрч болно. Энэ уламжлалыг бид үр хүүхэддээ өвлүүлэх ёстой. Тэрнээс биш эвдэрхий мотоциклийн сэг өвлүүлж болохгүй. Иймээс монголчууд морио унадаг адууны соёлоо дээдэлж явах ёстой. Энэ санаачилгыг газар бүхэнд дэмжиж байгаад би баяртай байна.
85. Монгол, Япон Улсын хооронд анх удаа “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулагдсан. Энэ бол үнэхээр сайн мэдээ шүү. Монгол Улс анх удаа дэлхийд анхны ийм чөлөөт худалдааны хэлэлцээртэй болж байгаа юм. Монголд сайн юм хийж бүтээж чадвал Японы зах зээлд бага татвартай гарахаар болж байгаа. Монголын үйлдвэрийн бүтээгдэхүүн Японд болон бусад улс орны зах зээлд гарах боломж нээгдэж байгаа. Энэ гэрээ хоёр улсын парламентаар орсон, одоо бид ноотоо солилцоод энэ зунаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Одоо манай үндэсний бүтээгдэхүүн гадаадад их хэмжээгээр гардаг болно. Тэгэхээр хүмүүсийн маань орлого нэмэгдэнэ, амьдрал нь сайжирна. Энэ бол том арга хэмжээ болсон.
86. Манай улсын төрийн захиргааны харилцаа бие даасан хуультай болсон. Захиргааны дагнасан шүүх байгуулагдсан. Энд тайлбар өгөх хэрэггүй, ойлгомжтой.
87. Усны асуудлаархи олон улсын санал санаачилгад Монгол Улс манлайлах үүрэгтэй оролцож байгаа. Монгол Улс дэлхийн усны сүлжээний удирдах зөвлөлд сонгогдож, НҮБ-ын конвенцийн төслийн санаачлагчаар ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл, бид усны асуудлаарх хууль тогтоомжийг санаачлан батлуулахаар ажиллаж байна.
88. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачилж батлуулсан. Манайхан хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн чинь болохгүй байна, ийм хууль санаачилъя гэсэн хүсэлт их ирсэн. Тиймээс бид энэ чиглэлд хууль батлуулсан. Дархан хотод гэхэд хүүхэд харах үйлчилгээний нэлээн хэдэн газар эрхээ авсан гэж би сонслоо. Энэ хуулийн дагуу олон хүнийг, багш нарыг ажлын байраар хангах боломжтой.
Энд хэдэн товчхон асуулт ирсэн байна.
-Манай ажиллах гол хүч болсон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа доголдох боллоо. Энэ асуудалд онцгой анхаарч өгнө үү?
-Энэ асуудал өмнө ирсэн учраас би анхаарал хандуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ирэх даваа гаригаас энэ асуудлыг анхаарна гэсэн.
Монголчууд бид өөрсдөө төмөр зам барьж чадна гэдгээ богино хугацаанд харуулсан. Бид 40 км төмөр зам, 70 км газар өндөр хүчдэлийн шугам татсан. Одоо бид 95 км хатуу хучилттай зам барьж байгаа шүү дээ. Дарханы үйлдвэрийн үйл ажиллагаа яагаад доголдсон гэхээр бид том төслүүдээ урагшлуулж чадаагүй урагшгүй байсны нэг гор гараад байгаа юм.
Дарханд хийсэн төмөр бүтээгдэхүүнийг бусад газар авдаггүй. Авч чадахгүй учраас складанд овоолоод суудаг учраас нэмж хийх аргагүй. Аргагүйн эрхэнд үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоох юм уу, хэсэгчилж зогсоосон ажил хийсэн юм билээ. Үйлдвэржилт чухал гэж бид олон жил ярьж, зарлиг гаргаж, хууль гаргасан. Нэг сайн мэдээ гаргая. Дарханд хийж байгаа шиг төмөр бүтээгдэхүүн гаднаас орж ирвэл бид 20 хувийн татвар тавьдаг болсон. /Алга ташив/
Одоо гаднаас орж ирдэг зүйл алга болно. Багасна. Дарханы үйлдвэрийн бүтээгдэхүүн манай аж ахуйн нэгжүүдэд зарагддаг болно. Танай үйлдвэр ажиллаж эхэлнэ гэдгийг хэлье. Та бүхэн ажилтай байх болно. /Алга ташив/
Олон жил гадна дотно ярьж, төр, засгийн дэмжлэг үзүүлж байгаад энэ үйлдвэрт маш том хөрөнгө оруулалт хийж байгаа. Жилдээ хагас сая тонн ган боловсруулдаг үйлдвэрийн шавыг ирэх 6 дугаар сарын 15-нд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр дээр тавина. Энэ үйлдвэрийг жил зургаан сар, 2 жилийн дотор барина. Хадааснаас авахуулаад төмөр замын рейлс төмөр хүртэл 60 төрлийн бүтээгдэхүүн хийнэ гэж байгаа. Энэ үйлдвэр ингэж хүчин чадлаа нэмэх юм бол дахиад 1200 ажилчин шинээр хэрэгтэй болно. Дарханы хүмүүс ажлын байртай болно. Дарханчууд орлоготой болно. /Алга ташив/
Ийм сайн мэдээг дуулгая. Төмөрлөгийн үйлдвэрийн доголдлыг арилгахын тулд Засгийн газар, төрийн байгууллага, хувийн хэвшилтэйгээ хамтарч анхаарч ажиллах ёстой.
-Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм Монголд байгуулагдаж байна уу. Энэ юу гэсэн үг вэ?
-Үндсэн хууль дээр ингэж байгаа. Бид ийм л зорилготой. Ардчилсан нийгэм байгуулна гэдэг бол субботник биш. Цаг хугацаатай юм биш. Ардчилал бол очих гэж байгаа зорилго биш юм. Ардчилал бол үйл явц юм л гэж ойлгох хэрэгтэй.
Бид яагаад энэ нийгмийг сонгож авсан юм бэ? Хүмүүс ингэж асуудаг. Би байнга хэлдэг. Бид зүгээр л хүний амьдардаг нийгэм рүү орсон юм. Зовлонтой, жаргалтай, ямар ч байсан өөрийнхөөрөө л амьдаръя гэж байгаа. Хүний эрхэнд жаргаснаас өөрийн эрхээр зовсон нь дээр гэж монголчууд ярьдаг шүү дээ. Зовлон байвал өөрийн эрхээр зовъё. Сайн хөдөлмөрлөж, сайн ажил хийж, санаачилгатай хүн бол сайхан амьдраад л явж байгаа. Муу ажилладаг, залхуу, юм хийхгүй хүмүүсийн амьдрал хэцүү л байгаа. Амьдарвал хүн шиг амьдарч болдог, хүний замаар л явдаг, ийм л нийгэм сонгосон шүү дээ.
Өмнө нь бид хэцүү хүнд нийгмүүдэд байсан. Манайхны зарим нь, залуучууд бол мартчихсан юм байна лээ. Юун ингэж гадагш дотогш чөлөөтэй явах. Сумаас суманд явахад хүртэл зам явах авдаг байсан. Санаж л байгаа байлгүй дээ. Хөдөө малчин айл нэгдлийн хониноос гаргаж шөл уухын тулд нэгдлийн даргаас цохолт авдаг байсан шүү дээ. Юун хувьдаа хэдэн мянган малтай байх вэ. Ямар юмных нь чөлөөт худалдаа. Юм зарах гээд зах дээр явах юм бол дамын наймаа эрхэлсэн гээд аваад явдаг, бариад авдаг байсан шүү дээ. Одоо тийм юм хаана байна.
Хуучин нийгэмд байсан хүмүүс ямар юманд амьдарч байснаа санаж байгаа. Юуных нь Ерөнхийлөгчөө босч ирээд шүүмжлэх. Юун Ерөнхийлөгч рүүгээ дайрах манатай. Тэр үед дарга, цэргийн өөдөөс юм яривал шууд л баригдаад явдаг байсан. Ийм юм байсан юм.
Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог, юм хийж чаддаг хүмүс чадал боломжоороо ажиллаж болдог үед амьдарч байна. Үнэхээр ахмадууд, дэмжлэг хэрэгтэй хүмүүст төр нь дэмжлэгээ үзүүлээд явдаг ийм л нийгэм рүү орсон. Муу байна гэж хэлээд бид буцаж гүйх хэрэггүй. Алдаагаа засаад цаашаа тордоод явах хэрэгтэй. /Алга ташив/
Манай хүмүүс сайн юм харахдаа их хойрго болсон байна. Сайн юм амнаас унагахдаа их хойрго болсон байна шүү дээ. Уулзаад л дандаа бие биеэ муулж байдаг. Телевиз үзээд л муулж байдаг. Дандаа муу үг хэлээд байхаар муу энерги, эрчим хүч цугладаг гэж байгаа шүү дээ. Бидний сайн тал бол муугаа нуудаггүй болсон. Өмнөх нийгэмд үзэл суртлаар хаагаад хаядаг л байсан. Амьдралд мэдээж дутагдал их байгаа. Үүнийгээ засаад цаашаа үргэлжлэх боломжтой.
-Та түрүүн оффшор дансны тухай ярилаа. С.Баярцогт гэдэг хүн дансандаа сая ам.доллараа мартчихсан байх юм. Арга хэмжээ авч болохгүй юү?
- “Эргийн гаднах” дансанд мөнгө хийсэн, мартсан гээд ярьж байгаа энэ хүмүүст бид нар анхаарч, хариуцлага тооцох ёстой. Төрийн албан хаагчдад ийм үйлдэл гаргахыг хуулиар хориглох ёстой. Шийтгэдэг болох ёстой гэдэг дээр би санал нэг байгаа. Цаашдаа Монгол энэ тал дээр хатуу хуультай болох ёстой.
Би С.Баярцогтод нэг зүйл хэлж байгаа. “Чи сонгуульд нэр дэвшихээ боль. Чи хариуцлага хүлээх ёстой. Чи өнөөдөр сайд, УИХ-ын гишүүн хийгээд явж байгаа чинь Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээс Монголын төр салж чаддаг байх ёстой” гэж хэлж байгаа шүү. /Алга ташив/
Энэ бол миний байр суурь. Энэ хэвээрээ байх ёстой. Тэгэхээр энэ хүн дахиж УИХ-д нэр дэвших ёсгүй л гэж харж байгаа. Ингэж хэлж байгаа.
-Дарханыг загвар хот болгоно гэж Засгийн газрын тогтоол гарсан. Үүний хэрэгжилт муу байна. Яах вэ?
-Түрүүн би Дарханд ямар боломж байгаа талаар ярьсан. Загвар хотоос гадна Дарханы эдийн засгийн чөлөөт бүс гэдэг хэлбэр рүү орсон нь зөв юм байна. Алтанбулаг дээр чөлөөт бүсийн хууль гэж гаргалаа. Замын-Үүд дээр гаргалаа. Замын-Үүдийнх арай дээр явж байгаа. Алтанбулаг дээр нэг хашаа барьсан. Хашаанаас илүү хийж чадаж байгаа юм бага байна.
Дархан өнөөдөр дэд бүтэцтэй байна. Энд хүмүүс нь амьдарч байна. Энд тэнд аваачаад, талд нэг хашаа бариад, үүнийг юм болгоё гэхээр явахгүй байна. Ийм учраас дэд бүтцийг нь ашиглая. Цаашдаа Дархан хот тэлэх боломжтой. Дарханы цэвэрлэх байгууламжид Азийн хөгжлийн банкны шугамаар 22 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа. Дархан хот 400-500 мянган хүнтэй болоход даах хэмжээний цэвэрлэх байгууламжтай болно. Дээрээс нь Дархан төмөр замтай байна. Барилгын үйлдвэр, цементийн үйлдвэр ойрхон байна. Төмөрлөгийн үйлдвэр байна. Хамгийн хямдхан үйлдвэрлэлүүд байх боломжтой.
ОХУ-аас сайн чанартай бараа оруулж ирэх боломжтой. Эндээ үйлдвэрлэх боломжтой. Эдийн засгийн хувьд хямд, хүн амьдрахад аятай таатай байх юм бол хүмүүс наашаа ирнэ. Энэ сэдвээр олон жил ярьсан. Би Ерөнхий сайд байхад ч та нар асуудаг л байсан. Одоо ч асууж байна. Олон жил ярьсан учраас энэ яриа хүмүүсийн сэтгэлд очсон байна. Хүмүүсийн зүрхэнд очсон байна. Хүмүүсийн анхааралд очсон байна.
Үүнийг одоо л нэг ажил болгох эдийн засаг, улс төрийн нөхцөл ойрхон болжээ гэж би харж байгаа. Иймээс үүн дээр бүх улс төрийн хүчин, дарханчууд, бүгдээрээ нэгдэж нийлж ажиллах хэрэгтэй. Бие биеэ дэмжиж ажиллах хэрэгтэй. Энэ дэд бүтцийг ашиглах ёстой. Энэ чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллах болно.
-Сонгуулийн хуулийг өөрчилчихлөө. 76 хүн жалгын депутат гэдэг шиг юм болох уу?
Б-и нэг байр суурь барьж байсан шүү дээ. 76 жижиг тойрог учир дутагдалтай. Дэлхий дээр сонгуулийн хоёр гол систем байгаа. Бид аав ээж хоёроосоо мэндэлсэн. Миний аав тийм байна гээд аавыгаа голдоггүйтэй адил хоёр системийн нэгийг голж яах юм бэ. Үндсэн хуулиараа хориглож болохгүй гэсэн ийм л байр суурьтай байсан.
Өмнөх 48 гишүүн тойргоос, 28 нь намын нэрийн жагсаалтаар сонгодог хэлбэр нь уг нь зөв систем байсан. Үүнээсээ буцах ёсгүй байсан л гэж боддог. Гэхдээ Цэцийн шийдвэр гараад, хуулиа өөрчлөхөөс аргагүй болоод өөрчлөөд явж байгаа учраас олон зүйл хэлээд яах вэ.
Тайлангаа үргэлжлүүлье.
89. Төрийн үйлчилгээг иргэдэд ээлтэй, хөнгөн шуурхай, авилга хүнд сурталгүй үзүүлэхийг төрийн захиргааны байгууллагад байнга сануулж, дэмжлэг үзүүлж ирлээ. Улаанбаатар хотод л гэхэд төрийн үйлчилгээг нэг цэгийн хэлбэрт оруулж худалдааны төвийг түшиглэн, газар дээр нь шууд үзүүлж байна.
Энд бол хувьсгал явж байгаа. Төрийн нэг цэгийн үйлчилгээнд оролцсон хүмүүсээс дүн тавь гэхэд 98 хувь нь сайн, онцсайн гэсэн дүн тавьсан. Монголын төрийн байгууллагад ийм үнэлгээ авдаг ажил урьд өмнө байгаагүй. Манайхан бүх юмыг шүүмжилдэг улс. Энд өнөөдөр 386 төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрөл авах гэж 2 сар хөөцөлддөг байсан. Одоо 5 минут дотор энэ үйлчилгээ гардаг болсон байна. Дүнжингарав зах дээр ийм төв байгаа. Одоо Мишээл дээр нээж байна. Бас Драгон дээр нээж байгаа юм билээ. Засгийн газрын тогтоолоор 6 сарын 1-нээс хэрэгжих гэж байгаа. Одоо Монгол Улсын бүх аймаг, суманд үүнийг нээх хэрэгтэй.
Төр гэхээр нэг дарга өрөөндөө ороод хаалгаа түгжээд суудаг. Нэг бол хаалга онгорхой ч утасныхаа хажууд сууж байдаг юм биш. Төрийн үйлчилгээ гэдэг бол дэлгүүрийн лангуун дээр байгаа юм шиг хөнгөн шуурхай, хурдан, авлигагүй, ийм зөв явах ёстой юм гэдгийг энд хэлье. /Алга ташив/
Энэ хувьсгалыг Монгол Улс даяар бид хэрэгжүүлэх хэрэгтэй. Өмнө нь нэг зөвшөөрөл авахад 200 гарын үсэг шаардагддаг байсан гэж байгаа. Одоо бол нэг цэгийн үйлчилгээний төв дээр очиход гурван өнгийн маягт байдаг. Таны хөөцөлдсөн ажил ногоон өнгийн маягттай бол шууд шийдэж өгдөг. Шар өнгөтэй байвал 24 цаг дотор шийддэг. Улаан байвал 1-10 хоногт шийддэг. Хоёр гурван жил яваад шийдэгддэггүй байдал зогссон. Манайхан нэг юм шийдүүлэх гэхээр таньдаг хүн хайдаг. Одоо тэгэх хэрэггүй.
Э.Бат-Үүл дарга надад хэлж байна лээ. “Намайг энэ дотор ороход хүн тоож харахгүй байна” гэж. Э.Бат-Үүлийг тоож харж яах юм. Шууд лангуун дээрээс зөвшөөрөл авч байгаа юм чинь. Төр ийм байх ёстой юм. Төр авлигад автаж заваан байдлаар ажиллах ёсгүй. Энэ хувьсгалыг Монгол даяар хийх хэрэгтэй. /Алга ташив/
Төрийн албыг авлигагүй, хөнгөн шуурхай болгоно. Төвлөрлийг сааруулна гэдэг чинь ерөөсөө л үүнийг хэлж байгаа юм. Тиймээс энэ ажлыг Дарханд ч сайхан хэрэгжүүлэх хэрэгтэй.
90. Багийн спортыг дэмжих, шаардлагатай дэд бүтцийг бий болгоход төр, олон нийт, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
91. Монгол Улсын төрийн цэргийн бодлогыг шинэчлэн боловсруулж батлуулсан. Дээрхи бодлогод түшиглэсэн эрх зүйн үндсийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
92. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхий дахины болон бүс нутгийн санаачилгад Монгол Улс идэвхийлэн хувь нэмэр оруулж оролцдог орны нэг болж чадлаа. Энэ тухай сая Парист маш том хэмжээний шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ дотор та бүхний асуусан цөлжилтийн асуудал хүртэл явж байгаа. Баян чинээлэг, боломжтой улс орнуудаас дунд хөгжилтэй, байгаль нь аюулд өртөж байгаа улс орнууд тодорхой хэмжээний мөнгө аваад асуудлаа шийддэг чиглэл рүү явж байгаа.
Утааны асуудал Монголд байтугай дэлхийд байна. Үүнээсээ салъя гэж байгаа. Энэ хөдөлгөөнд Монгол Улс маш идэвхтэй оролцох ёстой. Эндээс Монгол Улс хожих ёстой гэсэн бодолтой байгаа.
93. Монгол Улс баялгаа болон түүний орлогыг ашиглах, ирээдүйгээ харсан, олон улсын жишигт нийцсэн хууль, тогтолцоотой болох эхлэл тавигдлаа. Энэ хамгийн чухал хууль шүү. Энэ боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийг санаачилж батлуулав. Ашигт малтмалаасаа авсан бүх юмаа идэж уугаад дуусгадаг биш, ашигт малтмалаас олсон орлогыг тусдаа санд байрлуулдаг. Шаардлагатай юмандаа зарцуулдаг. Бүр авч үлдэх хэсэг байгаа. Ирээдүйдээ өр үлдээдэг биш, мөнгө, өв үлдээдэг хэлбэр рүү Монгол Улс хэзээ нэг цагт орох ёстой байсан.
Би энэ хуулийг санаачилж УИХ-аар батлуулсан. Одоо аажмаар энэ чиглэл рүү явах болно. /Алга ташив/
94. Бүрэн эрхийн өнгөрсөн хугацаанд санаачилсан 29 хууль УИХ-аар батлагдсан, 19 хууль УИХ-д хэлэлцэгдэх шатандаа байна.
95. Аймаг орон нутгийн саналыг үндэслэн нэлээд олон аймгийн төв дээр барилга инженерийн цэргийн анги байгуулж ажилуулж байна. Энэ ажлыг үргэлжлүүлж хийнэ.
96. Цэргийн эрдэмд багаасаа суралцах сонирхолтой хүүхдүүд байдаг. Тэдгээр хүүхэд залуусыг дэмжсэн “Тэмүүжин өрлөг” сургууль байгуулагдан ажиллаж байна. Энэ 2016 онд анхны төгсөлтөө хийсэн. Үнэхээр цэргийн хүн болъё гэвэл бүр бага наснаасаа, 4-5 дугаар ангиасаа казармд амьдраад сурах боломж байгаа. Цаашдаа бусад орны нэр хүндтэй цэргийн сургуульд элсч орох боломж гарч ирж байна.
97. Тариаланчид, ногоочид, хүнсний салбарынхныг дэмжсэн зарлиг гаргаж зөв, бүтээлч санаачлагуудыг дэмжин ажиллаж ирлээ.
98. Монголын уламжлалт бурхны шашны бие даасан байдлыг бэхжүүлэх, иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Миний явуулж байгаа ажлуудаас олон түмэнд нэг их харагддаггүй ажил энэ байдаг юм. Төр, шашны харилцааг Ерөнхийлөгч хариуцаж явдаг юм. Энэ чиглэлд маш их ажил байгаа.
99. Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авсан. Төлөвлөгөөт ажил, арга хэмжээнүүд ид явж байна.
100. Хүн төрөлхтөний өмнө ирэх 15 жилд тулгамдаж буй Тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлох, батлахад Монгол Улс идэвхтэй оролцлоо. Эл зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд манай орон манлайлагчийн нэг байх боломжтой гэж үзэж байна. Энэ зорилгыг хангахын тулд Монгол Улс идэвхтэй явж байгаа.
101. Төрийн албаны, иргэн харъяатын, улс төрийн намын болон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, төвийг сахих, иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх зэрэг олон төрлийн хуулийн төслүүдийг санаачлан батлуулахаар ажиллаж байна.
Нэг үгээр төрийг хариуцлагатай болгох чиглэлд та бүхнийхээ дэмжлэгийг авч, шахаж шаардаж ажиллах болно. Хийх ажил маш их байгаа.
Бас ингэж асуусан байна.
-Та Ерөнхийлөгчийнхөө ажлыг дуусгаад ямар ажил хийхээр төлөвлөж байна даа. Та залуухан байна шүү дээ?
-Их баярлалаа. Ажил их байгаа. Дахиад зөндөө хугацаа байгаа учраас би тийм ийм зүйл хийх гэж байгаа гэж энд яриад яах вэ. Үлдсэн хугацаанд ажлаа улам сайн хийж, төлөвлөсөн олон ажлаа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх болно. Хугацаа нь болохоор сайхан инээгээд л, тамгаа хадган дээр тавьж өгдөг ийм л зарчмаар явах ёстой. Энэ бол зөв зүйл гэдгийг хэлье.
Өнөөдөр бэлгэтэй сайхан өдөр байна. Би Дархан хотынхоо ард иргэдтэй өмнө нь уулзахдаа нэг ерөөл тавьж байсан. Дахин дахин уулзахын ерөөл дэвшүүлье гэж хэлж байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын тайлан танилцуулах гэдгийг зөвхөн УИХ-ын танхимд яриад зогсдоггүй юм байна. Дархан хотод, ард иргэдийнхээ дунд, сонгогчдынхоо дунд хүрч ирээд ярьж болдог юм байна гэдгийг харуулж байгаа юм.
Монголын бүх ард түмнийг төлөөлөөд нэ танхимд цугласан та бүхэн миний ярьсан зүйлийг сонслоо.
Өнөөдөр цаг гаргаж хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Та бүхний маань буян заяа, хийморь үргэлж өөдрөг байх болтугай. Баярлалаа, та бүхэнд” гэлээ.
Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөлд ажлаа тайлагнан танилцуулсан уулзалт өндөрлөв.
Орон нутгийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцсоны дараа Төрийн тэргүүн мөн өдрийн орой нийслэлд хүрэлцэн ирэв.