Нэгдсэн чуулган цаг сунган хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРҮдээс хойш 15.00 цагаас эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 17.30 минутад завсарлах байсан ч хэлэлцэх асуудлаа дуусаагүйтэй холбогдуулан цаг сунган хуралдах боллоо.
Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 50 орчим саналаар санал хурааж дууссан. Тухайлбал "Прокурор нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хуулийг баримталж, орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзан эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулна", "Прокурор нь шүүхэд хохирогчийн хөндөгдсөн эрхийг сэргээх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрхтэй", "Прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид тогтмол танилцуулж байна", "Прокурор шүүхээр тодорхой шийдвэр гаргуулахаар, эсхүл шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргана", "Төслийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийн “Эрүүгийн хэрэг мөрдөх, хянан шийдвэрлэх” гэснийг “Хууль сахиулах, хэрэг хянан шийдвэрлэх” гэж өөрчлөх", "Төслийн 21 дүгээр зүйлийн 21.1.8 дахь заалтын “шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг шүүхэд гаргах” гэснийг “хэргийг сэргээх тухай дүгнэлтийг шүүхэд гаргах” гэж өөрчлөх" зэрэг саналууд гарч, дэмжигдлээ. Улмаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Одоо Засгийн газраас өнгөрөгч хоёрдугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Н.Гантуяа