Монгол Улсын иргэдийн вакцины гэрчилгээ паспорт бэлэн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-05 15:44:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хил нээх, вакцины гэрчилгээ олгох талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээллээ.


Тэрээр "Вакцинжуулалттай холбоотойгоор зарим улс орон хилээ нээж байгаагаа мэдээлж эхэлж байна. Гэхдээ хил нээнэ гэдэг нь тухайн нэг улс буюу Монгол Улс хилээ нээх тухай асуудал бус, гадаадын бусад улстай харилцан нээх тухай явдал юм. Ингэснээр цар тахлын өмнө иргэд гадаад улс орнууд руу чөлөөтэй зорчиж байсан нөхцөл байдлыг эргэн сэргээнэ" гэдгийг онцлов.


ГХЯ-ны мэдээллээр энэ оны 5 дугаар сарын 5-ны байдлаар, дэлхийн 121 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан хэвээр байна. Улс орнууд хилээ хаахдаа ямар дүрэм журам горимыг хэрэгжүүлсэн гэхээр зөвхөн өөрийн улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлж, тухайн улсад байнга оршин суудаг гадаад улс орны иргэдийг хилээрээ зорчуулж байна. Бусад улсын иргэдийн тухайд богино хугацааны бүх төрлийн виз олгох үйл ажиллагаагаар дамжуулан хилээ бүрэн болон хэсэгчлэн хаах горимыг хэрэгжүүлж байна.


 Л.Мөнхтүшиг: Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэнийг хилээр орж ирэхэд тусгаарлахгүй.


Манай улс гадаадын 7 улс орон руу шууд нислэг үйлдэж байна. Өнөөдрийн байдлаар, манай улсаас шууд нислэгтэй БНХАУ, БНСУ, Япон болон Герман зэрэг Европын улс орнууд виз олголтыг түр зогсоогоод байгаа. Мөн байнга оршин суудаггүй гадаад улс орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх горимыг мөрдөн хэрэгжүүлж байна.


Монгол Улсын хувьд цар тахлын нөхцөл байдлын эхнээс хилээ шат дараатай хааж ирсэн. Энэ шийдвэртэй уялдуулаад гадаад улс орнуудад суугаа ЭСЯ болон консулын газрууд 2020 оны 1 дүгээр сарын 27-ноос эхлэн богино хугацааны бүх төрлийн виз олгохыг зогсоосон юм. Манай улсын хилээр өнгөрсөн хугацаанд нэвтрэх боломжтой иргэдийн тухайд Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн хүрээнд олгосон эрхийнхээ хүрээнд эх орондоо ирж байгаа.



Мөн гадаад улс орнуудын жишгийн дагуу Монгол Улсад байнга оршин сууж ажиллаж амьдардаг гадаадын иргэдийг оршин суух үнэмлэхийг үндэслэн хилээр нэвтрүүлж ирсэн. Мөн төрийн болон хувийн хэвшлийн шугамаар богино хугацаагаар зайлшгүй ирэх шаардлагатай, цөөн тооны гадаад мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийг зөвхөн явах, ирэх тийзийг нь үндэслээд Монгол Улсад ирэхэд тусгаарлах нөхцөлийг хангасны үндсэн дээр улсын хилээр нэвтрүүлж буйг мэдээллээ. 


Монгол Улсын хилээр өнөөдрийн байдлаар нэвтэрч буй гадаадын иргэдэд манай улсаас тавьж буй шаардлага:

  • Вакцинжуулалтаа бүрэн хийж, 14 хоног болж буй иргэдийг тусгаарлахгүйгээр нэвтрэх боломжоор хангаж байна.
  • Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг 7 хоног тусгаарлаж байна.
  • Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн ч 14 хоног өнгөрөөгүй байгаа иргэдийг мөн тусгаарлаж байгаа гэдгийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр тодотголоо.

Монгол Улсад зорчин ирж буй бүх иргэнд сүүлийн 72 цагийн дотор коронавирусний эсрэг PCR шинжилгээнд хамрагдсан, шинжилгээний хариу сөрөг гарсан байх зайлшгүй шаардлагыг тавьж буй аж.

Вакцин бүрэн хийлгэсэн иргэд хилээр чөлөөтэй нэвтрэхэд вакцинжуулсны гэрчилгээ (паспорт) юм уу, ямар нэг баримт бичиг олгох уу гэсэн иргэдээс ирж буй асуултад хариулахдаа, "Одоогоор манай улсад болон олон улсад нийтээр зөвшөөрсөн тийм гэрчилгээ, паспорт байхгүй, гараагүй байгаа. Зөвхөн ийм шаардлага байгааг нийтээр хүлээн зөвшөөрч хэрэглэхийг уриалж байгаа. Улс орнуудын зарим нь зөвхөн дотооддоо ийм гэрчилгээг хэрэглэж буй" гэв.


Манай улс цахим бүртгэлийн E-Mongolia талбарт суурилан энэ ажлыг хийхээр зохион байгуулж буйг тэрээр дуулгалаа. Тодруулбал, вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд энэ талын мэдээллээ дээрх цахим системээс авах бүрэн боломжтой байгааг тодотголоо. Цаашлаад гадаадад зорчиход энэ мэдээллийг гадаад паспортын хамт тавьж, монгол, англи хэлээр, улмаар НҮБ-ын албан ёсны 6 улсын хэлээр хүргэж байхаар программ хангамжийн хөгжүүлэлтийг хийж техникийн шийдэл бэлэн болсныг онцоллоо. Нэг ёсондоо, Монгол Улсын иргэний вакцин хийлгэснийг гэрчлэх албан ёсны вакцины паспорт гэрчилгээ бэлэн болсон. Үүнд тухайн иргэний гадаад паспортын дугаар, вакцинд болон PCR-ийн шинжилгээнд хамрагдсан байдал он сар, өдөртэйгөө, бүх мэдээллийг багтааж буйг тодотголоо. 

Related news