С.Үлэмж: Миний өвөө Ж.Самбуу Монголын төрийг 18 жил удирдаж, 64 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн нэрлэгдэж, олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн бол төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу юм. Тэрхүү эрхэм хүмүүний мэндэлсний 130 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулж, Ж.Самбуу сангийн Гүйцэтгэх захирал, ач хүү С.Үлэмжтэй ярилцлаа.

-Ж.Самбуу гуай эхээс хэдүүлээ вэ. Хэдтэйгээсээ бичиг номд шамдан сурсан юм бол?
-Өвөө Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, Гурван хүрийн дэнж гэдэг газарт 1895 оны зургаадугаар сарын 27-нд төрсөн. Өнөөгөөр бол, Төв аймгийн Бүрэн сумын нутаг л даа. Аав нь Жамсран, ээж нь Балжин. Өвөө дээрээ 2 ах, доороо 2 охин дүүтэй, айлын дундах нь. Хамгийн бага эрэгтэй нь учраас бага ах гэж авгайлдаг байсан. Нутгийнхны яриагаар, өвөөгийнх 100-гаад ижил зүсмийн адуутай, боломжийн амьжиргаатай, хөдөлмөрч хүмүүс байсан гэдэг.
Өвөөг төрөхөд эцэг нь бэйс Сумъяад бараалхаж, хадаг барьж очоод, төөрөг заяаг нь зуруулж. Сумъяа бэйс шившиж үзснээ, “Хазгар Жамсрангийнд төрийн хүн төрнө гэж бас байдаг аа” гэсэн гэдэг. Тэр цагаас л эцэг нь өвөөг бичиг үсэгтэй болгоё гэж бодсон шиг байгаа юм. Тэгээд Дугарсүрэн бичээчэд шавь оруулаад хэсэг байж байтал багш нь хөгшин настай хүн байж таараад, удалгүй нас барж. Дараа нь засаг ноёныхоо дэргэд бичиг үсэг үзэх нэрийдлээр зарцлагдаж явсаар бас нэг хэсэг хугацаа өнгөрсөн байгаа юм. Тэнд нэг сайн тал нь, засаг ноён чуулган даргалж байх үеэр тэндхийн бичээч нарын ажилд хамжилцаж явсаар бичиг үсэгт сүрхий чамбайрсан гэдэг. Өөрөө ч эрдэм номд шамдангуй хүн байж. Найман настайгаасаа бичиг үсэгт нэвтэрч, арав гаруйтайгаасаа ажил хөдөлмөрийн захад хүрч, тал бичээч, бичээч, улаач зэрэг алба залгуулж явсан гэдэг. Бээжин хүртэл жин тээж, гамин, цагаатны үлдэгдлийг хөөж явсан ч гэдэг.
-18 настайдаа Хүрээ рүү орж ирсэн гэж намтарт нь бичсэн байсан. Ямар хүмүүсийг дагаж, нутгаасаа гарсан хэрэг вэ?
-Дорж Мээрэнг дагаж Богдын хүрээ орж ирсэн шиг байгаа юм. Хүрээнд орж ирээд, хамгийн анх Сангийн яаманд тал бичээчээр ажиллах болсон. Түүнээс хойш шат ахиж, дэвшсээр Богд хан уулын аймгийн дарга болсон. 1929 оны Богд хан уулын аймаг гэдэг нь одоогийн Сэлэнгэ, Булган, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймаг бүтнээрээ, Архангай аймгийн 2-3 сумын нутгийг хамарч байв. Улмаар Богд хан уулын аймгийг задалж, Өмнөговь аймгийг байгуулах болоход тус аймгийн анхны даргаар томилогдсон. Тэр үед аймгийн төвийг хаана төвлөрүүлэх вэ гэсэн асуудал сөхөгдөж, одоогийн суурьшлын цэгийг сонгосон байдаг. Ингээд феодалуудаас хураасан 170 атан тэмээ хөсгөөр Дэлгэрхангайгаас есдүгээр сарын сүүлчээс нүүж, 20 гаруй хоног явж зорьсон газраа хүрсэн гэдэг. Гурван зуун км-ийн зайтай энэ нүүдлийг хийхэд улсаас нэг ч төгрөг аваагүйн дээр замд таарсан айлууд нүүдлийнхнийг хооллож ундаалж байсан юм билээ.
-Өвөөг тань хүмүүс дипломат албанд мэргэшсэн нэгэн байсан гэж олонтаа дурссан байдаг?
-Өвөө төрийн ажлын дундуур гадаад харилцааны хүн болж төлөвшсөн. 1937 оноос эх дайны турш ЗХУ-д суух Монголын бүрэн эрхт төлөөлөгч буюу Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж, дайны дараа Японоос дайны хохирлыг нэхэмжлэх болон БНМАУ, БНХАУ-ын хилийн шугамыг тогтоон тодотгож, гэрээ байгуулахад гар бие оролцсон. Дараа нь БНАСАУ-д суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Хүмүүс өвөөг БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сентэй нуувчинд шатар тоглож байсан, Солонгосын дайны үеэр нутаг буцаагүй Элчин сайд гэхчлэн ярьдаг. Тэрхүү хувь хүмүүсийн харилцаа хоёр орны харилцаанд эерэгээр нөлөөлсөн гэдэг. Эргээд бодоход, эх орны дайны үеэр Москвад Элчин сайдаар сууж байсан болохоор сэтгэл зүйн хувьд өөрийгөө цэнэж, бэлдсэн байж дээ гэж бодогддог.

Ю.Цэдэнбалын хамт
-Төрд олон жил тулхтай ажилласан нь засаг тогтвортой байсантай холбоотой биз. Үүний дээр тухайн үеийн төр засгийн удирдлагуудтай хэл амаа сайн олдог, тэдний дэмжлэгийг авч чаддаг хүн байсан юм уу гэж бодогдож байлаа?
-Өвөө 1937 оны хэлмэгдүүлэлт, сэхээтний төөрөгдөл гээд олон бэрх давааг даван туулсан хүн. Өөрийнх нь ухааны цар, сэтгэлийн хат нөлөөлсөн биз. Түүний зэрэгцээ маршал Х.Чойбалсан гуайтай жирийн бус харилцаатай байсан гэдэг. Анх хүрээ орж ирсний дараа Дорж мээрэнг өвөө дагалддаг байсан шиг Ерөнхий сайд Д.Бодоог Х.Чойбалсан гуай дагалддаг байж л дээ. Хоёул нас чацуу, үе тэнгийн залуу хүмүүс болохоор дотносон нөхөрлөж, тэр харилцаагаа олон жил хадгалсан юм болов уу даа. Хэл амаа сайн ойлголцдог байсан байх гээд байгаа юм. Дэмжлэгийг нь ч сайн авсан байх.
Өвөө 1954 оны долоодугаар сард БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргаар сонгогдсон. Түүнээс хойш 1972 оныг хүртэлх хугацаанд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргаар ажилласан гэвэл 18 жил Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллажээ. Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга гэдэг нь одоогийнхоор бол Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн үг. Арай том тойргоор нь авч үзвэл, өвөө 13 наснаасаа хошуу тамгын газарт алба хашиж, 64 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн юм шүү дээ. Төр засаг өвөөгийн минь хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Алтан гадас одонгоор 1 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Сүхбаатарын одонгоор 4 удаа шагнаж, Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байдаг.
-Ж.Самбуу гуайн намтарт намын ажил хашиж явсан гэх түүх ховор юм билээ?
-Өвөө намын ажил ерөөсөө хийж байгаагүй юм байна лээ. Монголын төр нэг бэлдсэн хүнээ тэгж л “ашигладаг” байж шүү дээ. Одоогийн бидний ярьдаг мерит зарчмаар албан тушаал ахиулж, хүч хөдөлмөр, мэдлэг туршлагыг нь авдаг байж. Өвөө 1954-1972 оны хооронд АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар буюу Ерөнхийлөгчөөр ажиллаж, гэртээ ч орох завгүй насан эцэс болтлоо улс, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, 77 насандаа өөд болсон. Тэр үед орон даяар гашуудал зарлаж, Ю.Цэдэнбал дарга оршуулган дээр нь “Монгол төрийн мэргэн өвөөг эцсийн замд нь үдэж байна” гэж хэлсэн гэдэг.
-Ажлын ямар арга барилтай хүн байсан юм бол. Ойр тойронд нь ажиллаж байсан хүмүүс хэрхэн дурссан байдаг вэ?
-Их нягт, ам чангатай, асуудлын голыг олж хардаг, тулхтай шийдвэр гаргадаг байсан гэдэг. Бүх хүний мэдэх “Зудан дээр зуд” гэдэг жинтэй үг бий шүү дээ. 1944 оны бичин жилийн зуднаар “Улс төрийн товчооны гишүүд тал тал тийш хуваагдаад, аймаг орон нутгаар явъя” гэсэн санаачилга гарахад энэ үгийг хэлсэн гэдэг. Тэр үгнээс нь болж дарга нар хөдөө явахаа больж байж. Цаад утга нь, малчид зуднаар мал сүргээ бөөн бөөнөөр нь алдаж, гал хөсгүй шахам сууж байхад баахан хүн очиж хоол цай хийлгэж, тэдэнд дараас болох гэлээ гэж шүүмжилсэн хэрэг. Бас монгол хүн бүрийн мэддэг нэг үг бол “Монголын үрс маш олон болтугай”. Тэр үгнээсээ санаа авч, нэг сарын дараа “Алдарт эх”-ийн одонг санаачлан, олгох болсон гэдэг. Анхандаа нэгдүгээр зэргийн одон гардуулж байгаад, сүүлд хоёрдугаар зэргийн одон бий болсон юм билээ.

Гэр бүлийн хамт
-Төрийн үйл хэргийг гүйцэлдүүлэхэд ар гэрийн түшиг тулгуур, нөмөр нөлөөг сайн байсантай холбоотой байх. Эмээгээ нэг дурсаач?
-Хүмүүс дандаа өвөөг л гэдэг. Гэтэл тэр бүх асуудлын цаана өөр нэг хүн арыг нь даагаад явж байсан байна шүү дээ. Ер нь эмээгийн талынхан их сэргэлэн хүмүүс. Эмээ 1906 онд төрсөн. Юуных нь мэргэжил боловсрол байх вэ, гэрийн сайн эзэгтэй байхгүй юу. Өвөө эмээгээс 9 ах, 21-тэйдээ суусан ч насаараа ханилсан. Манай эмээ өвөө хоёр төрүүлсэн үр хүүхэдгүй хүмүүс. Хоёр талынхаа 28 хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн. Тэдний зарим нь өвөөгийн овгийг авсан. Тэр үед сургуульд орох болохоор “Хаана амьдардаг вэ” гэж асуудаг юм байгаа биз дээ. “Самбуугийнд” гэхээр нь Самбуугийн тэр гээд бүртгэчихдэг байж. Манай аавыг ихэртэй нь хамт албан ёсоор өргөж авсан. Эхлээд аавыг 6 сартайд нь өргөж аваад байж байтал нөгөө ихэр нь өвдөөд, ихрүүдийг салгадаггүй юм гэнэ лээ гээд Сурмаажав ахыг өргөж авсан гэдэг.
-С.Удвал гуай чинь танайхны талын хүн биз дээ?
-Өмнөговь аймгийн дарга байхдаа айлын хатавчинд адсаган дээр унтаж, амь зогоож явсан жаахан охиныг олж авчирсан юм гэсэн. Тэгээд эмээд “Машины ард хоёр нялх юм бий. Нэгийг нь гэрт оруулаад, нөгөөд нь хоол өгөөрэй” гэсэн гэдэг. Эмээ гараад хартал нэг охин, нэг бэлтрэг машиных нь ард байсан гэсэн. С.Удвал эгч чинь бидний хамгийн том нь. С.Удвал эгчийн хийсэн бүтээснийг хүн бүр мэдэх тул би юу ярих вэ.
-Ж.Самбуу гуай чинь тэр их ажлын хажуугаар ном гаргасан бил үү?
-Одоо л хүмүүс мэдэхээ больчхоод байгаа болохоос биш социализмын үед хүн бүр өвөөгийн бичсэн номыг ба бэ-гүй мэддэг байж дээ. Манай Н.Тогтох ах МАА-н номыг нь “Малчдын Менделеевийн үелэх систем” гэдэг юм. Тэдгээр ном одоо ховордоод, Үндэсний төв номын санд ганц нэг байна уу, үгүй юү-тэй болж. Сая Улс төрийн товчооны гишүүн Л.Цэнд гуайн хүүхдүүд аавынхаа архивыг ухаж байгаад, “Шашин ба феодализмын мөн чанар” номынх нь гар бичмэлийг олсноо бидэнд өглөө. Тэгж байгаад хэвлүүлэх боломж олдох болов уу гээд харзнаж байна.
-Шатарт нэлээн хорхойсдог хүн байсан гэлээ. Өөр ямар хоббитой хүн байв?
-Амралт авахгүй хэчнээн сар болсон хүнд нөхөх орон зай нь шатар байж л дээ. Шатарт ёстой хорхойсдог байсан гэдэг. Энд тэнд очингуутаа “Шатар тоглодог хүнийг олоод ир” гээд комиссаруудаа явуулдаг. Нөгөөдүүл нь хайж явж байгаад шатар тоглодог нэг хүн олж ирдэг байж. Тэгэхдээ шатар тоглох чинь их ухаан байхгүй юу. Хурал хийгээд, иргэдийнхээ санаа оноог сонсох, шатар тоглонгоо амьдрал ярих хоёрт их зөрүү байж. Ингэж л өөрөө өөрийгөө энгийн ахуй, энгийн хүмүүсийн дунд амьдруулж, хөрсөн дээр буусан шийдвэрүүдийг гаргаж явсан байдаг юм.

Дорноговь аймгийн харьяат, ЕБС-ийн сурагч Д.Чулуунхүүд
Монгол Улсын анхны “Шударга журам” медалийг гардуулах үеэр
-Хойд Солонгосын өнчин хүүхдүүдийг Монголд авчрах шийдвэр Ж.Самбуу гуайгаас эхтэй гэж сонсож байсан юм байна. Тэр яг юу болсон юм бэ?
-1950 онд Солонгосын дайны ид үед элчингийнхний ар гэрийнхэнийг нутаг буцаасан юм билээ. Эмээ нутаг буцаж явахдаа тэдгээр өнчин хүүхдүүдийг олж харсан шиг байгаа юм. Буцаж ирээд С.Удвал гуайд хэлээд, Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар дайнд өнчирч үлдсэн солонгос хүүхдүүдийг Монголд авчрах ажлыг зохион байгуулсан. Хоёр зуугаад хүүхэд дайны жилүүдэд манай улсад сурч боловсорч, хожим нь нутаг буцацгаасан.
-Өвөөгийн тань хөшөө Төрийн ордны баруун талд байдаг шүү дээ. Хажуугаар өнгөрөхдөө “Ийм л хүн байж дээ” гэж бодогддог?
-Хөшөөг уран барималч Ц.Амгалан гуай бүтээсэн юм. Ц.Амгалан ах хүүхэд ахуйдаа аавтай найз, гэрээр нь орж гардаг өвөөг хажуугаас нь харж өссөн болхоороо их төстэй болсон гэж боддог. Саяхны нэг өдөр хуучнаар Хууль зүйн үндэсний хүрээлэнд ажилтай явж таараад, гарахдаа сүрхий ажигласан. Өмнө нь ерөөсөө тэгж тогтож харж байгаагүй юм билээ. “Их л өгүүлэмжтэй бүтээж дээ” гэж харж байв. Ямар нэг зүйлийг сургамжлаад байгаа ч юм шиг. Эсвэл би аливаад илүү нухацтай ханддаг болсных ч биз ээ.

Ulaanbaatar