ЭМГЭНЭЛ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛУВСАНЦЭРЭНГИЙН СОДНОМ
(1939-2025)
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан Лувсанцэрэнгийн Содном 2025 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр таалал төгслөө.
Л.Содном нь 1939 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэнүүний талын Цагаан тэмээт хэмээх газар төрж, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөөж, Мөнгөнморьт сумын бага сургууль, Эрдэнэ сумын дунд сургуулийг дүүргэжээ.
Тэрээр 1959 онд Налайхын уурхайн Геологи-маркшейдерийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж, улмаар 1969 оноос Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын Хорооны МОНЦАМЭ агентлагийн Техникийн хэлтэст ажилд орж, өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ телетайпын операторчин, ээлжийн ахлагчаар тасралтгүй 30 жил ажилласан ахмад ажилтан, сурган хүмүүжүүлэгч байлаа.
Ажиллаж байх хугацаандаа Л.Содном нь 1978 онд Чехословак, 1979 онд Болгар, 1983 онд Румын, 1990 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалыг дагалдан ажиллаж төрийн өндөр дээд айлчлалын тухай мэдээ мэдээллийг газар дээрээс нь шуурхай дамжуулах ажлыг хариуцлагатайгаар гүйцэтгэж байв.
Тэрээр ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж, байгууллагын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар удаа дараа шалгарч байсан төдийгүй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Хүндэт холбоочин цол тэмдэг зэрэг төрийн дээд одон, медаль, салбарын шагналаар шагнагдаж байлаа.
Л.Содномын хөдөлмөрч, эгэл даруу, шулуун шударга, алиа хошин зан чанар, элэгсэг дотно дүр төрх, ажлын төлөө гэсэн сэтгэл зүтгэл, үлгэр дуурайлал нь агентлагийн үе үеийн албан хаагчид бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН ХАМТ ОЛОН
АХМАДЫН ЗӨВЛӨЛ