Өөрсдийн буруугаас хил дээрээс буцахгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-07 15:59:15

Сэлэнгэ аймгийн Авто тээвэр зохицуулалтын газраас хойд хилээр буюу Алтанбулаг АЗШН Боомтоор үйлчлүүлэгчдэд хандаж дараахь анхааруулга мэдээллийг хүргэлээ.

Энэ жилийн наадам амралтын өдрүүд олонтой байгаа учраас хилээр зорчих авто машинтай иргэдэд тээврийн хэрэгслийн баримт бичгээ сайтар хянаж явахыг анхаарууллаа. Зарим иргэд бичиг баримтаа анхааралгүй ирснээр зөрүүтэй байдал үүсч хил дээрээс тээврийн хэрэгслүүд буцах асуудал нэлээд үүсдэг байна. Иймээс наадмын амралтын өдрүүдэд гарсан зөрчлийг арилгах боломжгүй тул жолооч нар хотоос гарахдаа холбогдох материалаа үнэн зөв бүрдүүлэхийг зөвлөж байна. Үүнд жолооч нар тээврийн хэрэгслийн бичиг баримтын бүрдэлдээ анхаарах, тээврийн хэрэгслийн арлын дугаар, хөдөлгүүрийн багтаамж, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл болон тэмдэг дарагдсан эсэх, татварын гэрчилгээн дээрх мэдээлэл тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэл хоорондоо таарч буй эсэхийг нягталж үзэхийг онцгойлон анхаарууллаа. Ойрын өдрүүдэд Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-руу нэвтрэх тээврийн хэрэгсэл болон зорчигчдын урсгал ихсэж байгаа ажээ.

            Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news