Сумын наадмын баян ходоод цолоо дуудууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Хушаат сумын наадам дэнж хотойтол дэлгэр сайхан болж өндөрлөв.
Энэ жилийн наадам нар хур тэгширсэн, цэцэг навч алагласан тунч сайхан дэлгэр болж байна. Хаа сайгүй аймаг, сумд наадмаа хийж, дэлгэр сайхан зундаа дэнж хотойтол наадан Монгол түмнийхээ их цэнгүүнийг хийж байна. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын наадмын хурдан морьдын уралдааны сонинг дэлгэе. Азарга насны морьдын уралдаанд Хушаат сумын уяач Х.Ганбатын үүлэн хээр, Их насанд Хушаат сумын уяач Д.Ариунболдын хул, Соёолон насны хурдан морьдын уралдаанд Хушаат сумын уяач Батбаярын хүрэн, хязаалан насны уралдаанд Хушаат сумын уяач Баярхүүгийн хүрэн халзан, шүдлэн насны хурдан морины уралдаанд Дархан-Уул аймгийн уяач Б.Баярсайханы хээр түрүүлж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баярлууллаа. Наадмын хамгийн үзүүштэй нэгэн зүйл бол дааганы уралдаан байдаг. Хушаат сумын наадмын хурдан дааганы уралдаанд Орхон сумын уяач Хадбаатарын шар халтар түрүүлжээ. Харин баян ходоодонд Хушаат сумын уяач Д.Ариунболдын хар даага орж ирэх жилийн түрүү магнайн цолыг дуудуулж наадамчин олноо баясгалаа.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг