“Бид нэг сумынхан” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас “Бид нэг сумынхан” өдөрлөгийг энэ сарын 08-ны өдөр хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмын хүрээнд зохион байгуулсан уг өдөрлөгийн хүрээнд Сүхбаатар сумын Үндэсний бөхийн цол олгох хүчит 64 бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд сумын цолтой болон залуу бөхчүүд оролцож, уран мэхээ уралдуулан барилдсан юм. Энэхүү “Бид нэг сумынхан” өдөрлөгийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын бөх, сумын заан Д.Жанчивдорж түрүүлж, Сүхбаатар сумын харьяат, “Шинэ бадрах” бөхийн дэвжээний бөх Н.Батмөнх үзүүрлэн сумын заан цолны болзлыг хангажээ. Шөвгийн дөрөвт Сүхбаатар сумын заан Ц.Анхбаяр, залуу бөх Г.Дэлэг нар тунан үлдэж, Г.Дэлэг сумын начин цол хүртсэн юм. барилдааны үеэр зохион байгуулагчдын зүгээс "Аймгийн цолонд ойрхон бөх", "Уран барилдаанч бөх", "Уран гараа дэвээтэй бөх"-ийг тус тус шалгаруулахад “Аймгийн цолонд ойрхон бөх”-өөр Сумын заан н.Баярдалай, “Уран барилдаанч бөх”-өөр Хилийн цэргийн 0101-р ангийн бөх н.Ариунболд, “Уран гараа дэвээтэй бөх”-өөр залуу бөх н.Доржхүү нар тус тус шалгарлаа.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг