Олимпиадад шалгарч, ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-11-22 15:58:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулсан Орос хэл, соёлын үйл ажиллагааны үеэр ЕБС-ийн багш, сурагчдын дунд орос хэлний багш Ё.Максимын нэрэмжит олимпиад боллоо.

Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан бөгөөд түүний 1998 онд 10 дугаар анги төгсөгсөн сурагчид энэхүү олимпиадыг хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Тус олимпиадад 23 сурагч оролцож, Хүмүүнлэг сургуулийн 12б ангийн сурагч Б.Баяндорж, Цэгц билиг сургуулийн 12б ангийн сурагч Э.Билгүүнзаяа, Эрдэнэдалай сумын ЕБС-ийн 12б  ангийн сурагч Б.Мичидмаа нар шалгарч ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхээр шагнууллаа.

Мөн Эрдмийн далай цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч Анужин Артек зусланд амрах эрхээр шагнуулсан байна.

Багш нарын олимпиадад 18 багш оролцож, Цэгц билиг сургуулийн багш Б.Урансайхан, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багш Ж.Болортуяа, МСҮТ-ийн багш Г.Эрдэнэтуяа нар шалгарч, ОХУ-д үнэ төлбөргүй мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах эрхээр шагнуулжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид орос хэлний олимпиадыг хамтран зохион байгуулсан аймгийн Засаг дарга болон ЗДТГ, Ё.Максим багшийн ангийн 1988 оны төгсөгчид, Эрдмийн далай цогцолбор сургуулийн хамт олонд талархал илэрхийлж хүндэтгэл үзүүлсэн байна. 

Related news