Шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажлыг шуурхайлахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-19 14:51:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт өөрсдийн хариуцсан шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны тендерийг энэ оны гуравдугаар сарын 15-ны дотор багтаан зарлахыг үүрэг болгосон тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. 


Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, материал худалдан авах хуулийн хүрээнд  худалдан авах ажиллагаа, тендер ямар гүйцэтгэлтэй байгаа тухай статистик мэдээг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Монгол Улсын 2022 оны төсвийг ноднин 11 дүгээр сарын 15-нд баталсан бөгөөд түүнээс хойш 65 хоног өнгөрч байгаа ч нийт баталсан 717 төсөл, арга хэмжээний 19.5 хувь буюу 140 төслийн тендерийг зарласан нь маш хангалтгүй гэж үзжээ. Тиймээс дээрх шийдвэрийг гаргаж, Төсвийн захирагч нарт хугацаатай, хатуу үүрэг өгсөн гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ тэмдэглэв. 


Сангийн сайд Б.Жавхлан, "Нийт 3.1 их наяд төгрөгийн өртөгтэй 717 төсөл, арга хэмжээний 50 хувь буюу 342 төсөл нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шилжсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар тэдгээр төслүүдийг эхлүүлэх ёстой юм. Гэтэл энэ сарын 18-ны байдлаар, долоон аймагт 13 тендер зарласан байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт. Нийслэлд нэг ч тендер зарлаж эхлээгүй байна" хэмээв. 


Мөн тэрээр, "Эдгээр төсөл, арга хэмжээний хүрээнд оруулсан хөрөнгө оруулалт нь эдийн засгийг дэмжиж, аж ахуйн нэгжүүд орлоготой байж өрхийн орлогод нөлөөлнө. Цар тахлын сорилттой, инфляц өссөн зэрэг сөрөг дарамт их байна. Тиймээс энэ хүндрэлийг эдийн засгийн суурийг тэлэх замаар аж ахуйн нэгжүүдээ дэмжих замаар даван туулах бодлогыг Засгийн газар баримталж байгаа" хэмээн мэдээллийнхээ үеэр тодотголоо.

Related news