Эх орончдын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-01 20:56:17
Хэнтий /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Ц.Идэрбат Эх орончдын мэндчилгээ дэвшүүллээ.

Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж нэгэн зууны түүхийг түүчээлсэн Монгол Ардын Намын 101 жилийн түүхт ой, Эх орончдын өдрийн мэндийг нийт Монголчууд, Хан Хэнтийчүүд та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Монгол Ардын Намын түүх бол эцэг өвгөд, эх орончдын түүх, Монгол эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүх юм.
Нэгэн зууны өмнө Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны зургадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, 1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан, С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намыг Ж.Сүхбаатар тэргүүтэй анхны 7, олон арван эх орончид албан ёсоор байгуулсан түүхтэй.
Улс хувьсгалын 101 жил, Монгол ардын намын түүхэн 101 жилийн ой тохиосон энэ жил Монголчууд, Хан Хэнтийчүүд хөгжлөө урт хугацаагаар төлөвлөсөн, дэвжин дээшлэхийн өлзийтэй он жилүүд тохиож байна. Цар тахлыг даван туулж, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Монгол Ардын Намын 30 дугаар хурлаар дэвшүүлж, УИХ-аар баталж, хэрэгжүүлэн эхлээд байна.
Ингээд Монголчууд Хан Хэнтийн ард иргэд, ахан дүүс, азай буурлууд та бүхэндээ Монгол ардын намын 101 жилийн ой, Эх орончдын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол улс мандан бадрах болтугай! гэжээ.
Related news