Хэнтийчүүд тамирчдынхаа сэтгэлзүйд хөрөнгө оруулалт хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-05 10:43:23
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт “Оюунлаг, спортлог-Хэнтийчүүд” НҮТББ-аас “Би монгол хүн” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.
Аймгийн ИТХ, Засаг даргын дэмжлэгтэйгээр Биеийн тамир, спортын газар, СЕНТ ЛУЙС олимп судлалын төвтэй хамтран хэрэгжүүлж буй уг төсөлд Хэнтий аймгийн шигшээ багийн 44 тамирчин, шигшээ багийн 20 багш, дасгалжуулагчийг хамруулж байна.
Тамирчны сэтгэл зүйг төрөлх монгол хүн төвтэй үзлийг хослуулан бэлтгэж буйгаараа онцлог гэдгийг тус НҮТББ-ын тэргүүн, шатрын багш, дасгалжуулагч спортын мастер Ч.Эрдэнэ-Очир хэллээ.
Төслийн сургагч багшаар Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, Токио-2020 зуны олимпийн XXXII наадмын үндэсний шигшээ багийн спортын сэтгэл зүйчдийн ажлын хэсгийн ахлагч, спортын сэтгэл зүйч, доктор, дэд профессор Ширнэндоржийн Долгор ажиллаж байна.
Төслийн нээлтийн үеэр Ш.Долгор багш сурагчдад Монгол хүн гэж хэн бэ, Монголчууд яагаад дэлхийг байлдан дагуулсан бэ? Би хэн бэ? Миний зорилго юу вэ? гэдэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тамирчин хүний амжилт - сэтгэл зүйгээс, сэтгэл зүйн бэлтгэл төрөлх монгол зан чанар, монгол ухаан, тэсвэр хатуужлаас эхэлнэ гэдгийг хэлж байлаа.
Уг төсөл таван сарын хугацаатай хэрэгжих бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав шигшээ багийн тамирчин, багш дасгалжуулагчдад үр өгөөжөө өгсөн, амжилттай төсөл хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Related news