“Хамтран ажиллах гурван талт гэрээ”-г дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-18 11:11:34
Хэнтий /МОНЦАМЭ/ Өнгөрсөн онд аймаг, сумын Засаг дарга, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай “Хамтран ажиллах гурван талт гэрээ” байгуулснаа өнөөдөр дүгнэлээ.
Энэ хүрээнд аймгийн удирдлагууд, тус ААН-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, гэрээний хэрэгжилтээ тайлагнаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвшилцлөө.
2021 оны байдлаар уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч 33 ААН-ээс нийгмийн хариуцлагын хүрээнд 300 орчим сая төгрөг аймгийн төсөвт төвлөрүүлсэн байдаг. Үүнээс 30 хувийг сумдад хуваарилж, 70 хувийг орон нутагт шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулжээ.
Уулзалтын үеэр хамтран ажиллах гэрээний үүргээ хангалттай биелүүлж, уул уурхайн салбарын үйл ажиллагааг аймаг орон нутгийн хөгжил, нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй хүртээмжтэй зохион байгуулсан 20 ААН-д аймгийн Засаг даргын талархал гардуулав.
"Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд Төрийн албан хаагчдын /Эмч, багш гэх мэт/ ур чадварын болон ёс зүй, стандарт, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 18 удаагийн танхимын болон цахим сургалт зохион байгуулж, 6379 төрийн албан хаагчид мэргэжлийн ур чадвар эзэмшиж, салбарын үзүүлэлт улсын хэмжээнд ахисан байна.
Мөн шаардлагатай мэргэжлээр сурч байгаа төлбөрийн боломжгүй 6 оюутан, 13 иргэн, албан хаагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлснээр орон нутагт тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, Аж ахуйн нэгж, байгууллагын 55 ажилтан мэргэжлийн ур чадвараа ахиулжээ. Түүнчлэн 14 иргэн ажлын байраар хангагдсанаар орон нутагт мэргэжилтэй боловсон хүчний хангалт нэмэгдэж, орон нутгийн мэргэжлийн боловсон хүчнийг хангах чиглэлээр өөр аймаг, хотоос ирсэн 6 албан хаагч, түүний гэр бүлд тогтвортой ажиллуулах зорилгоор дэмжлэг үзүүлсэн байна.
Related news