Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-21 22:44:41
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар Улаанбаатар хотод ажиллах үеэрээ хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр болох “Пластик центр” компанийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
Тус компани нь 2016 онд байгуулагдсан бөгөөд хаягдал гялгар уут дахин боловсруулж, бохирын кольцо, 100 хувийн битүүмжлэлтэй нүхэн жорлонгийн доторлогоо, траншейны таг, тэмдэгтийн шон гэх мэт 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улсдаа анхдагч байгууллага юм. Тус компанийн бүтээгдэхүүнүүд нь байнгын эрэлттэй байдаг ч түүхий эдийн олдоц ховор байдаг аж.
Хэнтий аймгийн хувьд орон нутагтаа хогийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хог хаягдлын нөөц хангалттай биш байгаа нь судалгаагаар харагддаг. Тиймээс эхний ээлжинд хогоо ангилан ялгаж, пресслэн тус үйлдвэрт нийлүүлэх нь хамгийн оновчтой гарц болоод байна. Зөвхөн гялгар уутыг нийлүүлснээр нийт хог хаягдал 30 хүртэл хувиар буурах боломжтой аж. Цаашилбал тус үйлдвэр нь гялгар уутнаас гадна ус ундааны сав, хуванцар сав, цаасан хайрцаг гэх мэт хог хягдлыг орон нутгаас худалдан авах боломжтой гэнэ.
Тиймээс орон нутгийн зүгээс “Пластик центр” компани, Хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Өнгө нэм” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, иргэдийг хогоо ангилан ялгах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, ангилсан хогийг прессэлж, зах зээлд нийлүүлэх бүхий л шатны үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү ажил амжилттай хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэх, аймгийн хог хаягдал 30-40 хувь буурах, хог хаягдал нь өөрөө бүтээгдэхүүн болж ашиг орлого олох, иргэд эрүүл цэвэр орчинд амьдрах гэх мэт олон талын ашигтай юм.
Related news