Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээний багтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-02 19:22:13
Хэнтий /МОНЦАМЭ/ Өнгөрсөн сард аймгийн удирдлагууд Улаанбаатар хотод ажиллах үеэрээ хог хаягдал дахин боловсруулах “Пластик центр” компанийн үйл ажиллагаатай танилцсан.
Үүний хүрээнд тус компанийн зөвлөх үйлчилгээний баг болох “Өнгө нэм” компанийхан өчигдөр Хэнтий аймагт ажиллаж холбогдох төрийн байгууллагын удирдлагуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, хог хаягдлын менежментийг сайжруулах ажилд хамтран ажиллахаар боллоо.
“Пластик центр” компани нь 2016 онд байгуулагдсан бөгөөд хаягдал гялгар уут дахин боловсруулж, бохирын кольцо, 100 хувийн битүүмжлэлтэй нүхэн жорлонгийн доторлогоо, траншейны таг, тэмдэгтийн шон гэх мэт 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улсдаа анхдагч байгууллага юм. Тус компанийн бүтээгдэхүүнүүд нь байнгын эрэлттэй байдаг ч түүхий эдийн олдоц ховор байдаг аж. Хэнтий аймгийн хувьд орон нутагтаа хогийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хог хаягдлын нөөц хангалттай биш байгаа нь судалгаагаар харагддаг. Тиймээс эхний ээлжинд хогоо ангилан ялгаж, пресслэн тус үйлдвэрт нийлүүлэхээр болсон.
Ингэхийн тулд иргэдийг хогоо ангилан ялгах дадал хэвшил суулгахад "Өнгө нэм" компанийн зүгээс зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
Related news