Онцгой комисс хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-17 10:35:23
Хэнтий /МОНЦАМЭ/ Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдлаа.
Тус хуралдаанаар Баян-Адарга суманд гарсан шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Мал эмнэлгийн газрын дарга Н.Анхбаяраар ахлуулан ажлын багийг тус суманд ажиллуулахаар шийдвэрлэв. Ажлын багийн бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын газрын Мал, эмнэлгийн хяналтын улсын байцаагч Л.Алтанбагана, Цагдаагийн газраас 6 алба хаагч Онцгой байдлын газраас 3 алба хаагч ажиллах бөгөөд холбогдох зардлыг Засаг даргын нөөц сангийн гамшгийн эрсдэлийг бууруулах зардлаас санхүүжүүлэхээр боллоо.
Мөн 4 дүгээр сарын 18-ны өдрөөс гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалтын ажил эхэлнэ. Манай аймгийн хэмжээнд 300 гаруй мянган үхрийг тус вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Энэхүү ажилд гарах зардлын 30 хувийг тухайн сум орон нутаг хариуцахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, тэмцэх бэлэн байдлыг хангаж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо. Одоогоор Баян-Адарга суманд шүлхий өвчнөөр 1000 гаруй мал өвчлөөд байгаа талаар сумын сумын Нийгмийн бодлогын түшмэл мэдээллээ.
Related news