ЕХ дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн худалдааг зогсоох талаар тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-06-29 15:56:48

БРЮССЕЛЬ. /AFP/. Европын Холбоо /ЕХ/ нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тэглэх зорилтынхоо хүрээнд 2035 он гэхэд Европт дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл худалдаалахыг зогсоох төлөвлөгөөг баталжээ.


2021 оны долоодугаар сард анх санал дэвшүүлж байсан энэхүү төлөвлөгөө нь Европ тивийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтууд, тэр дундаа 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тэглэх зорилтдоо хүрэхэд хувь нэмрээ оруулна.


Энэ нь бензин, дизель хөдөлгүүртэй автомашинуудын худалдааг зогсоохоос гадна 2035 оноос ЕХ цахилгаан тээврийн хэрэгслүүдийн хэрэглээнд бүрэн шилжинэ гэсэн үг юм. Мөн Герман, Итали зэрэг орнуудын хүсэлтээр синтетик түлш, хос хөдөлгүүр зэрэг бусад технологиудыг авч үзэх талаар тохиролцсон байна.


ЕХ-ны Байгаль орчны сайд нар мөн жилд 10 мянгаас цөөн тооны тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг автомашин үйлдвэрлэгчдэд CO2–ын ялгаралтай холбоотой үүргээс чөлөөлөх хугацааг нь таван жилээр сунгах шийдвэрийг баталжээ. “Ferrari”-гийн нэмэлт өөрчлөлт гэгддэг энэ заалт нь тансаг зэрэглэлийн брэндүүдэд ач холбогдолтой байна.


Одоо эдгээр арга хэмжээнүүдийг Европын парламентын гишүүдтэй зөвшилцөх ёстой. 

Related news