Экспортын шинэ гарц Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-13 19:36:41
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон жил яригдсан, маргаан мэтгэлцээний сэдэв болсон, бас заримд нь хүлээлт үүсгээд байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 9 дүгээр сарын 9-нд ашиглалтад орж, шинээр ашиглалтад орсон төмөр замаар анхны нүүрс тээвэрлэлтийг хийлээ. 


Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний 600 орчим ААН, 2000 гаруй техник, машин механизм, 5000 гаруй инженер, техникийн ажилтан ажиллаж, нийт 1 тэрбум ам.долларын өртөгтэйгээр 4 жилийн дотор барьжээ. 


Энэ бол Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн уулзваргүй, хүнд даацын төмөр зам. Бас монголчууд бие дааж барьсан, 100 хувь Монгол Улсын өмчлөлтэй анхны төмөр зам юм. Түүнчлэн 1956 онд Замын-Үүд-Эрээний хооронд Хятадын талтай анхны төмөр замын гарцыг нээж байсан бол шинээр ашиглалтад орсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь 66 жилийн дараа бий болж буй 2 дахь гарц юм. 


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд экспортын нүүрс ачсан галт тэрэг БНХАУ-ын хил дээрх Ганцмод боомтод 3.2 км тулж очиж байна. Тодруулбал, Хятадын талтай хилийн төмөр замын холболтын цэгээ өнгөрсөн 8 дугаар сард эцэслэн тохирсон тул хараахан 2 улсын төмөр зам шууд холбогдож амжаагүй, тиймээс  нүүрсээ автомашинд шилжүүлэн ачиж хил гаргана. Зөвхөн 2 улсын төмөр замын холболтын цэгийг тохироод, төмөр замыг /нийт 7 км/ холбоод асуудал шийдэгдэхгүй, 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т  нэмэлт өөрчлөлт хийх, 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг БНХАУ-ын талаар аль болох хурдан соёрхон батлуулах гол ажлууд хүлээгдэж байгаа юм. Мөн Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” орон нутгийн өмчит ХХК-иудад нүүрс шилжүүлэн ачих, буулгах байгууламжуудаа аль болох хурдан хугацаанд барьж ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага бий болж байна. Энэ бүхний эцэст Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд баригдаж ашиглалтад орсон Монголын анхны хүнд даацын төмөр зам бүрэн хэмжээгээр ажиллаж, үүргээ гүйцэтгэх юм.


“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Энэ төмөр зам 100 жилийн баталгаатай, 17 жилд нь өөрийн өртгийг нөхөх тооцоо гарсан. Бид ачааг ямар ч асуудалгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүллээ. Одоо энд ажиллаж байгаа 3 уурхай ачаагаа бэлэн болгож, шилжүүлэн ачих байгууламжуудаа яаралтай барих ёстой. Манай компани өөрийн толгой компани “Эрдэнэс Тавантолгой”-н ачих байгууламжийн бүтээн байгуулалтыг ирэх хавраас эхлүүлэхээр төлөвлөж байна. Логистикийн тохижилт хийхэд технологийн хугацаа хэрэгтэй. Хамгийн багадаа 2-3 жилийн ажил бий” хэмээн ярьж байна. 


Тэрбээр мөн төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний тээврийн зардал 2 талдаа 1 тонн нь 12.1 ам.долларын өртөгтэй болж байгааг тодотгож, энэхүү төмөр замаар зөвхөн нүүрс тээвэрлэх бус БНХАУ-ын талаас буюу Гашуунсухайтаас Тавантолгой чиглэлд импортын бараа ачих, цаашлаад зорчигчийн галт тэрэг ч явуулах бүрэн боломжтойг хэллээ. 


“Тавантолгой төмөр зам” ХХК 2022-2026 онд уг төмөр замаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэнэ. 2026-2023 онд жилд 20 сая тонн гэх зэргээр энэ тоо үе шаттайгаар өсөж эхний 30 жилд жилд 30-50 тонн хүртэл ачаа тээвэрлэх боломжтой гэсэн стратегийг боловсруулжээ. Тухайлбал, Оюутолгойн ордоос л гэхэд жилдээ 6 сая тонн зэсийн баяжмал, бусад бүтээгдэхүүнийг уг төмөр замаар тээвэрлэх боломжтой юм байна.


Сонирхуулахад: Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын хувь эзэмшил “Эрдэнэс Тавантолгой” ХХК-66 хувь, ”Монголын төмөр зам” ТӨХК-34 хувь байдаг.

Жилд 30 сая тонн нүүрс экспорлохын тулд өдөр тутам 14 галт тэргээр тогтмол тээвэр хийх шаардлагатай аж.


Төмөр замыг хүлээн авах ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Энэ төмөр зам бол манай улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас, боломж бололцооны зам юм. Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөд асар их үүрэг гүйцэтгэх стратегийн төмөр зам. Хөгжлийн энэ зам монголчууд бидэнд өндөр үр ашиг, өргөн боломж нээж, ирээдүйд хөтлөх үүд хаалга байх болно. Мөн төмөр зам дагасан шинэ амьдрал бий болж, суурьшлын бүсүүд шинээр сүндэрлэн, ажлын байр нэмэгдэж, хот, хөдөөгийн хөгжлийг түргэтгэх амьдралын зам байх болно” хэмээв. Тэрбээр мөн цаашид экспортыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг хийж, төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатайг энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм. Эдийн засгийн өгөөж талаасаа үнэхээр ингэж үзэж болох юм. Тухайлбал, Уг төмөр зам баригдсанаар манай улс урт хугацаандаа жилд 30-50 сая тонн хүртэл коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломж нээгдэж байгаа юм. Цаашлаад улсын төсөвт жил бүр дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, 2000 орчим тогтмол ажлын байр нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ. Мөн олон жил автозамаар тээвэрлэсэн экспортын нүүрсний тээвэрлэлтийн өртөг зардал ч буурна. Одоогийн хийсэн тооцоогоор БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурахаар байгаа юм.


Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ч эдийн засагт үр өгөөжтэй төмөр зам ашиглалтад орж байгааг баталж “Хэдийгээр хилийн төмөр замын холболтын цэгийг саяхан тохирсон, бүрэн холболт хийхэд 2-3 жил дахин шаардлагатай байгаа ч энэ төмөр зам бол Монгол Улсын экспортод шууд нөлөөлнө. Экспорт нэмэгдэх хэрээр эдийн засаг сайжирна. Энэ нь эргээд ард иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлөх юм” гэв.


Хамгийн гол нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ-ын нутаг руу тээвэрлэх, цаашлаад тус улсын Тяньжин зэрэг далайн боомтуудаар  дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх, Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэх эхлэл тавигдаж байна.


Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын техникийн үзүүлэлт:

-Гол замын урт-233.6 километр

-Дэлгэмэл урт 321.6 километр, 

-2 өртөө (Тавантолгой, Гашуунсухайт), 

-6 зөрлөг (Хайрхан, Хангай, Уртгол, Оюут, Шинэ-Ус, Хулант), 

-16 гүүртэй, 

-Хоолой-172

-Төмөр замын голын даац 25 тонн, 

-Царигийн хэмжээ 1520 мм 

-Хагас автомат хориглолын систем



Төмөр замын нийгэм, эдийн засгийн үр өгөөж

-Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол 74 хувь багасна.

-Авто тээврийн осол, зөрчил 17 дахин буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ. 

-Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ болон цаашлаад тус улсын далайн боомтоор дамжин гуравдагч орон руу тээвэрлэнэ.

-Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломжтой болно. 

-Тогтмол 2000 орчим ажлын байр шинээр бий болно. 

-Жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэнэ.

-Улсын төсөвт жилд 44 сая ам.долларын татвар төвлөрнө.

-Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлнэ. 

-Цогтцэций сумыг хот болгохоор төлөвлөж байна. Уг асуудлыг сумын ИТХ-аар дэмжсэн бөгөөд аймгийн ИТХ дэмжвэл асуудлыг Засгийн газарт оруулж эцэслэн шийдвэрлэх аж.


Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын товч түүх

2018-8-08-ны өдөр.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийг үүсгэн байгуулав

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг хамтран байгуулав. 


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болов

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болов. 


Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам" ХХК-д олгов

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг цуцалж, мөн зөвшөөрлийн 5 жилийн хугацаагаар “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгов. 


2020-3-01-ний өдөр.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв

-“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” компани төслийн талбайд (Өмнөговь аймаг, Цогтцэций, Баян-овоо, Ханбогд) эхлүүлэв. 


2020-9-23-ны өдөр.

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов

-Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов.  


2020-9-24-ний өдөр.

Төмөр замын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай төмөр замын инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. 


2020-10-24-ний өдөр.

Тавантолгой-Гашуунсухайт төслийн анхны суман шилжүүлгийг угсрав

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын анхны суман шилжүүлгийг угсарсан бөгөөд төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг баригдаж, өртөө, зөрлөгүүдэд нийт 77 суман шилжүүлэг угсарсан юм. 

2021-3-10-ны өдөр.

100 ширхэг ачааны хагас вагон хүлээн авлаа

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд тээвэрлэлт хийх 12-9853 загварын 100 ширхэг ачааны хагас вагоныг ОХУ-ын Тихвинскийн вагоны үйлдвэрээс хүлээн авав. Уг загварын вагон нь одоогоор олон улсад тээвэрлэлт хийж буй ачааны вагоны төрлүүдээс даац, багтаамж зэрэг олон үзүүлэлтээр давуу юм.


2021-4-15-ны өдөр.

Эхний 100 км төмөр замыг ашиглалтад орууллаа

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн эхний 100 км дээд бүтцийг барьж дуусгав. Уг төмөр замаар аж ахуйн галт тэрэг аялж, төмөр зам барихад шаардагдах бараа, материалыг тээвэрлэж байв. 


2021-11-17-ны өдөр.

Төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжив

-Гашуунсухайт-Ганцмод боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын хилийн цэг тохирох асуудлыг Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодотговол, уг хурлаар Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай хоёр орны Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжив. Ийнхүү тус боомтууд төмөр замаар холбогдсоноор Монгол Улс, Хятад Улсын хооронд 60 гаруй жилийн дараа төмөр замын хоёрдахь гарц нээгдэж буй түүхэн үйл явдал юм.


2022-5-26-ны өдөр.

Шилжүүлэн ачих терминалын барилгын ажлыг эхлүүлэв

-Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт багц асуудлын үйл ажиллагааны хөтөлбөрт  Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил тусгагдсан. Уг ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус бүс нутагт ажиллах үеэрээ төслийн барилгын ажлын нээлтэд оролцов. 


2022-9-09-ний өдөр.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад хүлээж авав

-Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад хүлээж авах ёслол болов.






Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news