ДУНДГОВЬ: "Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ”-ний явц 42 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-29 16:54:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ”-ний явц  Дундговь аймагт 42 хувьтай байгааг аймгийн БШУГ-аас мэдээлэв.

Тус үнэлгээг аймгийн БШУГ-аас томилсон ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулж байгаа ба 09 дүгээр сарын 26-ны байдлаар Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор, Хүмүүнлэг, Говийн ирээдүй цогцолбор, Мандал сургууль, Дэлгэрцогт, Хулд, Луус сумын ерөнхий боловсролын сургуулиуд  судалгаанд хамрагдаад байгаа аж.

“Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ”-г 2022-2023 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах бүх суралцагчийг хамруулан 2022 оны энэ сарын 12-ноос аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар товложээ.

Нэгдүгээр ангийн суралцагчийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, хөдөлгөөн, эрүүл мэнд, байгаль, нийгмийн орчин, нийгэмшихүйн хөгжил, хөгжим, дүрслэх урлаг гэсэн суралцахуйн долоон чиглэлээр үнэлэх бөгөөд Дундговь аймгийн 19 сургууль үнэлгээг хийж эхэлсэн байна.

Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтний зүгээс сургуулиуд шивэлтээ хугацаанд нь оруулах, сурагчдын даалгаврын гүйцэтгэлийн давуу болон сул талыг ажиглаж тэмдэглэл хөтлөх, даалгаврын тавил, заавар, системийн боловсруулалтад анхаарах асуудлуудыг тэмдэглэн тайланд тусгах, нэг дор олон сурагчийг цуглуулах, нэг сурагчийг өдөрт хэт олон даалгавраар үнэлэхгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөжээ. 

Related news