ХЭНТИЙ: Аймгийн хэмжээнд 90.2 мянган га талбай хүчтэй эвдрэлд өртсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-02-07 16:55:43

Хэнтий /МОНЦАМЭ/ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэнтийчүүд 30 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ.  


Тодруулбал, тус аймгийн ИТХ 2022 оны гуравдугаар сарын гуравны өдрийн хуралдаанаараа “Гучин сая мод” хөтөлбөр, төлөвлөгөөг баталсан байна. Энэ хүрээнд өнгөрөгч онд зургаан зорилтын хүрээнд 30 ажил, арга хэмжээг зохион байгуулжээ.  

Мод тарих газар зохион байгуулалтын төлөвлөлт, зураглалыг гаргахаас ажлаа эхлүүлсэн байна. Тухайлбал, Сум тосгодын төвийн ногоон байгууламжийг бүртгэх, хээрийн хэмжилт тодруулалтын ажлын хүрээнд 18 суманд 561 нэгж талбар дахь 202 га ногоон байгууламжийг бүртгэж, мэдээллийн сангийн боловсруулалтыг хийжээ.


Хэнтий аймгийн хэмжээнд 14 сумын нутаг дэвсгэрт 654 нэгж талбарын 90.2 мян.га талбай хүчтэй эвдрэлд өртсөн. Мөн 15 сумын хэмжээнд 195 байршилд 1.4 мян.га талбай уул уурхайн нөлөөллөөр ухагдаж эвдэрсэн гэсэн судалгаа гарсан байна. Иймд сумдад шинээр 56 барилга байгууламж барих нийт 9,3 мянган км.кв эдэлбэр газрын 30 хүртэл хувь буюу 2,8 мянган км.кв газарт ногоон байгууламж байгуулах тохижилтыг зургийн даалгаварт тусгаж хүргүүлсэн аж. Одоогоор зураг төсвийн дагуу шинээр ногоон байгууламж тохижилт хийсэн 18 барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулаад байна.

 

2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 10 суманд 20 байршилд 94.5 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар олгохоор тусгасан ба төлөвлөгөөний дагуу нийт есөн суманд 14 байршилд 84.01 га газрыг эзэмшүүлээд байгаа аж.

 

Чингис хотын 3000 м3/х хүчин чадалтай, Баямөнх сумын 50 м3/х хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн 95-98 хувь цэвэршүүлсэн саарал усыг мэргэжлийн хяналтын болон Усны газрын лабораторийн шинжилгээнд хамруулахад ногоон байгууламжиийн усалгаанд ашиглах бүрэн боломжтой дүгнэлт гараад байна. Энэ онд ашиглалтад орж буй Батноров, Галшар сумдын цэвэрлэх байгууламжийн саарал усыг мөн шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ. 

Related news