ХЭНТИЙ: Шадар сайд С.Амарсайхан Хэнтий аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нараар ахлуулсан ажлын баг Хэнтий аймагт ажиллаад буцлаа.
Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, нөхцөл байдлын мэдээллийг сонссоны зэрэгцээ тодорхой үүрэг чиглэлийг өглөө.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт 11,12 дугаар сард олон жилийн дундаж хэмжээнээс ахиу хур тунадас орж бүх нутгаар дундаж хэмжээнээс 3-7 градусаар хүйтэн, нутгийн төв болон өмнөд хэсгээр салхи ихтэй байсан бөгөөд цасны дундаж зузаан ихэнх нутгаар 12-34 см, хунгарын зузаан 30-48 см, цасны нягт 0,22-0,34 гр/см куб хүрч хатуурсан. Нутгийн 60 гаруй хувь нь цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу нөхцөл байдалд, 12.4 мянган малчин, мал бүхий өрхөд нийт 5.1 сая толгой мал өвөлжиж байна.
Хэнтий аймгийн хувьд эрсдэлээс хамгаалах санд 395.8 сая төгрөгийг төвлөрүүлснээс 125 сая төгрөгийг өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон урьдчилан сэргийлэх ажилд зарцуулаад байна. Мөн аймгийн засаг даргын захирамжаар өвөлжилт хүндэрсэн зургаан сум, нэг тосгонд нийт 33 сая төгрөгийн дэмжлэг, зудын эрсдэлийн үнэлгээг үндэслэн цагаан зудтай дөрвөн суманд 40 сая төгрөгийн дэмжлэг тус тус үзүүлсэн.
Түүнчлэн Багануур хувьцаат компаниас 150 өрхөд 16,2 сая төгрөгийн өртөг бүхий хүнсний багцын тусламж, аймгийн онцгой комисс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран өвөлжилт хүндэрсэн таван сум, нэг тосгоны 85 өрхөд 25.5 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлжээ.
Шадар сайдын ажлын багийнхан бодит байдалтай танилцсаны үндсэн дээр 220 тн хивэг, тэжээл, долооцыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болов.
Мөн Хэнтийд ажиллах үеэр отрын бүс нутаг болох Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны малчидтай уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Тус бүс нутагт зургаан аймаг, хоёр дүүргийн 15 сумын 545 өрхийн 1274 иргэн, 288,7 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Үүнд 5 хүртэлх насны 137 хүүхэд, 156 өндөр настан байгаа тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сумын иргэд, отор нүүдлээр явж байгаа иргэдэд жигд хүртээмжтэй хүргэх асуудал тулгамдаад байгаа аж. Тиймээс Монгол Улсын Шадар сайдын зүгээс Хэрлэнбаян-Улаан тосгонд өвөлжиж байгаа малчин айл, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулж туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэлээ.
Мөн бэлчээрийн даац хэтэрч, нутгийн иргэд ч малаа бэлчээх бэлчээргүй болж байгаа талаар аймаг, сумын удирдлагууд, малчдын тавьсан хүсэлтийн дагуу ХХААХҮЯ-наас ажлын баг гарган нөхцөл байдлыг судалж, Хэрлэнбаян-Улаан тосгоныг отрын бүс нутгаас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон байна.