ХЭНТИЙ: Суманд м.кв нь 1,2 сая төгрөгийн үнэ бүхий жишиг сууц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-02-15 16:22:57
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баян-Овоо суманд цэвэр, бохирын асуудлаа шийдсэн, тохилог амьдрах боломжийг олгох “Жишиг сууц” эко төсөл үргэлжилж, 12 айл түлхүүрээ гардан авлаа. Эдгээр айлуудын дөрөв нь Улаанбаатар хотоос шилжин ирж байгаа аж.

2017 онд "Жишиг сууц" төсөл эхэлж, найман айл ороод байсан бол 2023 онд ийнхүү зах зээлийн ханшаас 2-5 дахин хямд нэг м.кв нь 1,2 сая төгрөгийн үнэ бүхий 40, 80 м.кв сонголттой, 1-2 ариун цэврийн өрөөтэй жишиг эко сууцанд иргэд орж байна.

Монгол Улсын Зөвлөх архитектор, Соёлын дэд сайд М.Батбаяр, “Гомбожав” сангийн тэргүүн, “Их шовх” ХХК-ийн захирал Г.Ууганбаяр нар энэхүү төслийн талаар анх ярилцан шийдлийг гаргаж, эхний найман айлын жишиг сууцыг барьсан байна. Тус орон сууцны барилгатай аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав танилцах үеэрээ "Нээлттэй Хэнтий аймаг хөтөлбөрийн хүрээнд инженерийн шугам сүлжээ, цэвэр бохир, хэрэглээний халуун ус зэрэг дэд бүтцийн асуудлаа шийдсэнийхээ дараагаар иргэдийг татан авчирч, тав тухтай ажиллаж, оршин суух боломжийг нь хангаж байгаа Баян-Овоо сумын удирдлагуудад талархал илэрхийлж, энэ жишгийг бусад сумаар ажиллахдаа сурталчлан таниулна" гэдгээ илэрхийллээ.

Харин Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнхийн хувьд ирэх жилээс иргэдийн захиалгаар өөрсдийнх нь сонголтоор хаус барьж, дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгнө. Шилжин суурьшсан иргэд Гүрмийн нуур, мал аж ахуй, фермерээ түшиглэн хувийн бизнес эрхлэн аж төрөх бүрэн боломжтой. Аймгийн даргын зүгээс мөн "Хот хөдөөгийн ялгаандаа гол асуудал байгаа юм биш. Хамгийн гол нь эрүүл цэвэр орчинд тав тухтай, амар амгалан аж төрөх нь чухал" гэдгийг онцоллоо.
Related news