ХЭНТИЙ: 76860 литр сүү саан боловсруулж, Улсын аварга саальчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-02-17 15:13:08
Хэнтий /МОНЦАМЭ/ Цэнхэрмандал сумын Согоот багийн саальчин Гомбын Отгон 40 шахам жилийнхээ хөдөлмөр, зүтгэлийг үнэлүүлж "Улсын аварга саальчин”-аар шалгарч, өнөөдөр шагналаа гардан авлаа.
13 настайгаасаа ээжийгээ дагаж “Давшилт” нэгдлийн сүү тасгийн заводоос ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 16 насандаа "Сумын аварга саальчин"-ы болзол хангаж, улмаар 1989 онд “Аймгийн аварга саальчин”-аар шалгарч байжээ.
Ардчилал, зах зээлд шилжсэнээр төрөөс аварга саальчин шалгаруулах журамд өарчлөлт орж, саальчны хөдөлмөрийг шагнал урамшууллын гадна орхигдуулаад байсан бол 2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газраас ахин сэргээж “Улсын аварга саальчин” шалгаруулах болсон юм. Иймээс Хэнтий аймгаас улсын аваргад тодорхойлж, Г.Отгон 40 шахам жилийн хөдөлмөрөө төрдөө ийнхүү үнэлүүлсэн байна.

Улсын аварга саальчныг шалгаруулахдаа, мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, төллөсөн малаа саальд бүрэн хамруулж, өрхийн үйлдвэрлэлээр хамгийн их сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байгаа, саальчны хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж урамшуулдаг журамтай.

“Улсын аварга саальчин” Г.Отгоны хувьд 2020 онд 88200 литр сүү саан боловсруулж, 800 кг ааруул, 2500 кг аарц, 750 кг өрөм, зөөхий, 2021 онд 90720 литр сүү саан боловсруулж, 900 кг ааруул, 3000 кг аарц, 800 кг өрөм, зөөхий,
2022 онд 76860 литр сүү саан боловсруулж, 1 тонн ааруул, 3200 кг аарц, 950 кг өрөм, зөөхий бэлтгэжээ.
Өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлж “Мишээл” брэндийн сав баглаа, боодолтой эко бүтээгдэхүүн цагаан идээ боловсруулж, Хар зүрхний хөх нуур түшиглэсэн амралтын газрууд, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод нийлүүлж байна.
Related news