ХЭНТИЙ: Хамгийн том чулуун солир аймгийн музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-02 10:22:25

Чингис /МОНЦАМЭ/ Монгол Улсын хэмжээнд олдоод байгаа чулуун солирын хамгийн том нь Хэнтий аймгийн музейд хадгалагдаж байна.

Төмөр ба чулууны найрлагатай солируудаас хоёрдугаарт орохуйц хэмжээтэй энэхүү солирыг 1989 онд Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын зааг нутаг болох Зээртийн хөндий хэмээх газраас олжээ. Одоогоор олсон газрын нэрээр Галшар-Түвшинширээ хэмээн нэрлээд байна. 2010 онд химич, профессор Г.Гонгоржав ШУТИС-ийн Дулааны Техник Үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Цэндээтэй хамтран тус солирын химийн найрлагыг нь судалсан аж.

Улмаар рентгенфлуоресценцийн спектрометрийн физик- хими болон химийн сонгомол аргаар хоёр удаа шинжлэн, дүнгийн дунджийг хувиар илэрхийлжээ. Тодруулбал, уг солирын химийн найрлагын зонхилох хувийг цахиурын оксид (33,93 хувь), нийт төмөр (25,11 хувь), магнийн оксид (21,10 хувь), хоёр валенттай төмрийн оксид (8,68 хувь), хөнгөн цагааны оксид (2,04 хувь), кальцийн оксид (1,68 хувь), никель (1,58 хувь), нийт хүхэр (1,26 хувь) тус тус эзэлж байгааг тогтоожээ. Мөн найрлагын хувьд ОХУ-ын "Маркова", "Одесса", "Полуямки" зэрэг чулуун солируудын химийн найрлагатай дүйж байгааг тогтоон улмаар уг олдворыг Монгол Улсын хамгийн том чулуун солир болохыг баталсан байна. 

Related news