ДАРХАН-УУЛ: Зураач Ц.Жамсрангийн уран бүтээлийн 40 орчим хувь нь Дархан хоттой холбоотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-10 15:34:15

Дархан /МОНЦАМЭ/. Дархан хотын Урчуудын эвлэлийн салбарын анхны эрхлэгч Ц.Жамсрангийн уран бүтээлийг энэ удаад онцолж байна. Аймгийн музейд эх хувиараа хадгалагдаж буй уран зургийн нэг нь “Шарын голын уурхай” зотон, тосон зураг юм. 45.5*73 хэмжээтэй уг бүтээл 59 дэх жилдээ эх хувиараа хадгалагдаж байгаа төдийгүй музей үзэж буй хүмүүсийн сонирхон үздэг үзмэрийн нэг ажээ.


Монголын Урчуудын эвлэлийн шагналт, зураач Ц.Жамсран 1960-аад оноос Дархан хотод суурьшин, хотын түүхийг судалж, уран бүтээлийнхээ чиг баримжааг “Өнгөрсөн, одоо хоёрыг харьцуулан үзүүлэх юмны мөн чанарыг гаргах нэг арга юм” хэмээн тодорхойлон бүтээсээр иржээ.

Зураач Ц.Жамсрангийн уран бүтээлийн 40 орчим хувийг Дархан хотын үүсэл, бүтээн байгуулалт, аж үйлдвэржилт, байгалийн сэдвүүд эзэлдэг ажээ. Шарын гол сумын барилга байгууламж дотроос хамгийн том үйлдвэр бол Шарын голын нүүрсний ил уурхай бөгөөд 1963-1965 онд барьж ашиглалтад оруулжээ.


Энэхүү бүтээлд уурхайн гол цөм болсон хэсгээс харуулахдаа хөрс хуулалтын ажлын явц, уурхайн газрын үе давхарга, нүүрс олборлох эксковаторууд, тээвэрлэх ачааны галт тэрэг, аварга том “БЕЛАЗ” машин зэргийг дүрсэлсний сацуу орчны байгалийг бүрдүүлэх Дархан хайрхан уул, түүний бэл дэх Шарын гол сумын баруун захын хэсгийг оруулан зохиомжилжээ. Зургийн эхэнд цахилгааны шонгийн дэргэд ажиллаж буй хүмүүс бусад дүрслэлийн сүрлэг, хүчирхэг байдлыг тодотгохын зэрэгцээ Дарханы эрчим хүчний системтэй 100 кв-ын шугамаар холбогдсоныг баримтжуулсан гэлтэй.

Зургийн зохиомж ерөнхийдөө цайвар шаргал, саарал өнгөнд захирагдах нь шороо, тоос манарсан уурхайн ажлын онцлогийг илэрхийлжээ. Шарын голын уурхай одоо ч "Монгол орны гал голомтыг бадраагч" уриатай үйлдвэрлэлээ хэвийн явуулж байна.

Related news