ХЭНТИЙ: 40 гаруй аж ахуйн нэгж 40 мянган га-д тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-14 15:24:18
Чингис /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд энэ хаврын тариалалтад 18 сум, таван тосгоны 40 гаруй аж ахуйн нэгж, 700 гаруй иргэн, гурван хоршоо оролцохоор ажиллаж байна.

Тодруулбал, тэд үр тариа, төмс, хүнсний ногоо, тосны ургамал, ногоон тэжээл, эмийн ургамал зэрэг таримлуудыг нийт 40.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.

Үүнээс, улаанбуудай 23.6 мянган га-д, бусад үр тариа 3.8 мянган га-д, тосны ургамал 11.0 мянган га-д, ногоон тэжээл 2.0 мянган га-д, төмс 290 га-д, хүнсний ногоо 344 га-д, царгас 130 га-д, хунчир 148 га-д тус тус тариалалт хийх урьдчилсан төлөвтэй байна.

Хэнтий аймгийн хэмжээнд газар тариаланд ашиглах боломжтой 94.9 мянган га талбай байгаагаас үйлдвэр эрхлэх зөвшөөрөл олгосон нь 72 мянган га талбай байна. Гэвч жилд үүнээс 40 орчим мянган га талбайг ашигладаг аж. Өөрөөр хэлбэл 50 гаруй мянган га талбай ашиглагддаггүй үлддэг. Тус аймагт газар тариалан эрхэлдэг 100 гаруй ААН, иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс 47 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс тариалан эрхлэгчдийн тоог өсгөж, дээрх газар тариаланд ашиглах га талбайг нэмэгдүүлэн эргэлтэд оруулах хэрэгтэй байна хэмээн аймгийн тариаланчид үзэж байна.

Тариалангийн зүүн буюу Дорнод тал хээрийн бүсэд Хэнтий. Сүхбаатар, Дорнод аймаг багтдаг. Тариалангийн талбай далайн түвшнээс гол төлөв 800-1100 м өндөрт байрладаг. Жилд 185-317 мм тунадас унадаг. Бүсийн хойд, баруун хойд хэсгээр тунадас илүү унах бөгөөд урагшлах тутам багасдаг байна. Салхи ихтэй идэвхтэй температурын нийлбэр 1700-2300*, хүйтрэлгүй хугацаа 112-125 хоног үргэлжилдэг аж. Хур тунадас багатай, хөрс нь хөнгөн, салхи ихтэй зэрэг нөхцөл нь газар тариалан эрхлэхэд бэрхшээл учруулах бөгөөд агротехникийн өвөрмөц арга технологийг боловсруулан ажиллах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Related news