ХЭНТИЙ: Партизан Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-17 07:54:58
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярыг угтаж, аймгийн удирдлагууд партизан Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Ардын журамт цэргийн анхны хороон дарга, партизан Базарын Пунцаг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Ховд, Улиастайг чөлөөлөх зэвсэгт тэмцэлд их бууны Пунцаг нэрээр дайнд оролцож, Ховд, Улиастайн амбаныг хөөж гаргах их үйлд оролцсон аж. 1919 онд Хиагтын гамин цэргийн албанд ажиллаж байхдаа Сүхбаатар, Чойбалсантай танилцаж байв. Ардын төр засгийн даалгавраар Ардын хувьсгалын анхны долоо болох Сүхбаатар, Чойбалсан, Бодоо, Данзан, Чагдаржав, Лосол, Догсом нарыг улсын хилээр гаргах, буцаан оруулах мөн Оросоос зэвсэг техник оруулж ирэх ажлыг хариуцан ажиллаж байжээ. Ардын журамт цэргийн анхны хороон дарга, сүүлд дөрвөн хороо байгуулахад нэгдүгээр хороон даргаар ажиллаж Хиагтыг чөлөөлөх дайнд тэрбээр оролцсон юм.
МАН-ын анхдугаар хуралд оролцож намын дүрэм программыг батлах хуралд оролцсон 26 хүний нэг, Баруун хойд хязгаарт Чойбалсантай цуг түүний орлогчоор явж байсан. Чойбалсанг Сүхбаатар жанжны орлогчоор ажиллахаар явах үед Баруун хязгаарын цэргийн командлагч болсон талаар түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Хэнтийнхэн жил бүр Монгол цэргийн өдрөөр партизан Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай.
Related news