ӨВӨРХАНГАЙ: Малчдынхаа сэтгэлгээ, хандлагыг өөрчлөхөд онцгой анхаарахыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-17 16:38:27

Арвайхээр /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн зөвлөгөөн болж, 2023 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа, цаг үеийн ажлын талаар салбарын мэргэжилтнүүд, сумдын ЗДТГ-ын дарга нар нэгдсэн мэдээлэл авлаа.



Аймгийн ИТХ-аас 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулж, тус салбарт энэ жил 40 гаруй томоохон ажлыг өрнүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал,

Арвайхээр суманд хүнсний ногооны төрөлжсөн бүрэн автомат зоорь, өвөл, зуны хүлэмжийн аж ахуйн цогцолбор, Биотехнологийн төв, Хархорин суманд үр тарианы дундын үтрэм, бусад сумдад агро-ойн аж ахуй байгуулах,  Эрчимжсэн болон туслах аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, “Хөх сав, канестергүй сум, баг, өрх” хөдөлгөөн өрнүүлэх гэхчлэн 40 гаруй төрлийн ажлыг зохион байгуулах юм.



Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж малын эрүүл мэнд, гоц халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, малын тоонд биш чанарт анхаарах асуудлаар малчдад мэдээлэл, зөвлөгөө өгч, тэдний сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх чиглэлээр анхаарч ажиллах үүргийг удирдлагуудад өгсөн юм. "Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахаас эхлээд байнга хийдэг ажлаа хаа хаанаа хүнээр хэлүүлэлгүй, хариуцлагатай хийчихдэг байх"-ыг энэ үеэр онцлон санууллаа.


Мөн ирэх зун газрын гарцыг сайжруулахын тулд 3 дугаар сараас эхлэн үүлэнд зориудаар нөлөөлөх бөгөөд сум бүр үүнд онцгой анхаарч ажиллах чиглэлийг өглөө.

Related news