ДУНДГОВЬ: Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8 орчим насаар бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-20 12:20:47
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”-өөр аймгийн ЗДТГ-аас “Эрчүүдээ хайрлая” уулзалт хийж, эрүүл мэндийн үзлэгт хамруулан, төрийн цэргийн байгуулал, хууль сахиулах байгууллагуудын дунд “Марш тактик” болон спортын тэмцээн зохион байгууллаа.  

Энэхүү өдрөөр Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ үнэнчээр зүтгэж ирсэн дайчдаараа бахархах, залуу хойч үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрийн тусгай алба хаагчдын чадварыг сорих, байнгын бэлэн байдлыг хангах зорилго дор ийнхүү хэд хэдэн ажлыг санаачилжээ.

“Марш тактик”-ийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ба оролцогчид ерөнхий цэргийн саадтай зурвас, галт зэвсэг, торон саад, хөнөөлийн саад зэрэг зургаан төрлийн саадыг даван туулдаг. Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 278 дугаар салбар, ОБГ, Цагдаагийн газрын баг тамирчид амжилттай оролцжээ.





“Эрчүүдээ хайрлая” үйл ажиллагааны хүрээнд уулзалт хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж байна. Тус аймгийн нийт хүн ам (47199)-ын 50,2 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Насны байдлаар нь авч үзвэл тэдний 31 хувийг 0-14, 607 хувийг 15-59, 8,3 хувийг 60-аас дээш настай байгаа ба эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8 орчим насаар бага байна.



Уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Орон нутгийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо”, “Эрэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, урьдчилан сэргийлэх нь”, “Нийгэм дэх иргэдийн оролцоо”, “Монгол хүний ёс жудаг”, “Боловсрол-хөгжил”, “Хашаандаа сайхан амьдарья”, “Архи, согтууруулах ундаанаас хол байя” зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл хийж, илтгэгчид өөрсдийн амьдралын туршлага, баримтад тулгуурлан мэдээлэл өгсөн нь оролцогчдын талархлыг хүлээсэн байна.

Эрэгтэйчүүдийн дунд түрүү булчирхайн өөрчлөлт, цусны даралт ихсэх, хавдар, чихрийн шижин, ясны гэмтэл зэрэг өвчлөл зонхилон тохиолдож байгаа ба энэ нь таргалалт, амьдралын буруу хэвшил, өөртөө тавих анхаарал тааруу байгаатай холбоотой байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Т.Бямбацэрэн илтгэлдээ онцолсон.

Тус аймгийн Ерөнхий боловсролын 19 сургуульд 521 багш ажилладаг ба тэдгээрийн 15 хувь нь л эрэгтэй багш байдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн үйлчилгээний салбарт ажилладаг эрэгтэйчүүдийн тоо харьцангуй цөөн байдаг ажээ.

Тиймээс хэлэлцүүлгийн үеэр Эрдмийн далай цогцолбор сургуулийн нийгмийн ухааны багш А.Очирбат “Боловсрол-хөгжил” сэдвээр илтгэл тавьж, илтгэл мэдээлэлдээ боловсролын салбарт жендэрийн тэгш бус байдал байгааг онцолж, эрэгтэй багш нарын чадвар, тэдний хүүхдүүдэд эерэгээр нөлөөлөх чадамжийн талаар танилцуулсан юм. 



Related news