ЗАВХАН: Цөлжилтийг сааруулахад салбар дундын хамтын ажиллагаа чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-28 14:33:53

Улиастай /МОНЦАМЭ/. НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дагуу дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад байна. Тэгвэл Завхан аймагт цөлжилттэй тэмцэх, эрсдэлийг бууруулахад ямар арга хэмжээ авч байгаа талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас тодрууллаа. 


-Завхан аймгийн нийт хэчнээн хувь нь цөлжилтөд өртөөд байна вэ?

-Завхан аймгийн нийт газар нутгийн 59.3 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн ба цөлжилтийн зэргээр үнэлэхэд сул зэрэглэлд нийт газар нутгийн 48.6 хувь, дунд зэрэглэлд 9.6 хувь, хүчтэй зэрэглэлд 1.1 хувь нь өртөөд байна. Цөлжилтөд өртсөн газрын сул зэрэглэлд 89.1 хувь, дунд зэрэглэлд 5.7 хувь, хүчтэй зэрэглэлд 0.6 хувь байна.


-Цөлжилтийн шалтгаан нь юу вэ?

-Цөлжилт, хөрсний доройтол нь хүн болон байгалийн хүчин зүйлээс шууд хамрааралтай. Өөрөөр хэлбэл, цөлжилт, газрын доройтлын шалтгааны 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн байна. Сүүлийн 30 жилд манай улсын мал сүргийн тоо толгой гурав дахин нэмэгдэж, бэлчээрийн зохицуулалтгүй хэт ашиглалтыг бий болгон талхалж, байгалийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй байна.




Мөн зарим ургамал устахад хүрсэн нь цөлжилтийг эрчимжүүлэхэд нөлөөлж байна. Түүнчлэн газар тариалан, уул уурхай, хөдөө, орон нутгийн зам, дэд бүтэц болон байгалийн баялгийн зүй бус ашиглалт зэрэг газрын доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнтэй холбоотойгоор эвдэрсэн газрын тоо хэмжээ нэмэгдсэн.

Завхан аймгийн 24 сумын хөрсний доройтлыг үнэлж авч үзэхэд, эвдрэлийн ихэнх хувь нь мал аж ахуйн салбараас болсон. Энэ нь малын бэлчээрийн даацын гол асуудал бөгөөд бэлчээрийн талхагдлаас болж хөрс элэгдэл, эвдрэлд орох.

Хөрсний ус чийгийн хангамж багасаж, үржил шим буурах, эрдэс тэжээлээр дутагдах. Ургамлын бүрхэвч доройтох, мод сөөг багасаж хээржих, цөлжих зэрэг сөрөг үр дагаврын угтвар нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай гэж үзэж байна.


-Цөлжилт хэр их хор хөнөөлтэй вэ?

-Манай орон бол мал аж ахуйн орон. Бэлчээр, ус, хүнсний хомсдол, биологийн төрөл зүйл цөөрөх, төрөл бүрийн халдварт өвчин гарч, хүний эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд асар их хохиролтой. Цөлжилтөд өртөж байгаа нэг хүчин зүйл нь уул уурхайн зохисгүй олборлолт, түлшний хэрэглээнд мод, бутыг хэт их ашиглаж байгаа нь цөлжилтийг улам ихэсгэж байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт ч нөлөөлж байна. Хур тунадас багасаж, огцом хүйтрэх, огцом дулаарах гэхчлэн температурын хэлбэлзэл гарч байна. Тухайлбал, Монгол орноор дунджилсан 2022 оны жилийн нийлбэр хур тунадас 200.6 мм буюу 1940 оноос хойш тохиолдсон 19 дэх хур тунадас багатай жил байлаа.

/Хөрсний хэмжилт хийж байгаа нь/


Харин Завхан аймгийн хувьд зүс хур тунадас буурч, аадар хур тунадас нэмэгдсэнтэй холбоотойгоор хур тунадасны хэмжээ эрс нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь хур тунадастай хэдий ч хөрсөнд бүрэн шингэхгүй үер усны аюул нэмэгдэж байна. Ган гачгийн тоо эрс нэмэгдэж байна. Яг энэ уур амьсгалын өөрчлөлт нь өөрөө сөрөг тойргийг бий болгож байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амьжиргааны түвшин буурч, өлсгөлөн, ядуурал, шилжилт хөдөлгөөн ихсэнэ. Эдийн засгийн асар их сөрөг нөлөөтэй.


Тодруулж хэлбэл, дэлхийн 720-811 сая хүн 2020 онд өлсгөлөнтэй нүүр тулсан бөгөөд 10 хүн тутмын нэг нь өлсгөлөн байгааг НҮБ тооцоолж мэдээлжээ. Дэлхийн хүн амын тал хувь нь үр тарианы хүчээр хүнсээ хангадаг. Гэвч нийлүүлэгч гол талбай нь 50 хувь буурвал маш том хямрал нүүрлэж байгаа хэрэг гэдгийг ч онцолсон байна. Энэ бүхний гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, хөрсний доройтол, усны хомсдолоос шууд хамааралтайг дурдсан байдаг. Тиймээс цөлжилт бол маш их хор хөнөөлтэй.


Монгол Улсад, гангийн давтамж жилд хоёр хувиар нэмэгдэж байгаа бол 2045-2060 оны үед ган гачгийн давтамж 10-25 хувиар нэмэгдэх эрсдэлтэй байна.


-Мэргэжлийн байгууллагын хувьд цөлжилтийг сааруулахад ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?

-Монгол орон цөлжилтийн судалгааг анх 1992 онд хэсэгчилсэн байдлаар хийж эхэлсэн байдаг. Нийт нутаг дэвсгэрийн 41.3 хувь нь байгалийн тогтоц, шинж чанараараа цөлжилтөд өртөмтгий бөгөөд их, бага хэмжээгээр цөлжилтийн үйл явц илэрч байсан. Үүнээс хойш судалгааны арга зүйг боловсронгуй болгон нийт нутаг дэвсгэрийг хамруулан таван жил тутамд цөлжилтийн судалгааг Монгол Улс хийж байна.

Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч энэ нь нэг салбарын асуудал биш. Ялангуяа хүний хүчин зүйлээс нөлөөлсөн 49 хувь нь мал аж ахуй, уул уурхай, газар тариалан, хотжил суурьшилтай холбоотой байгааг анхаарах нь чухал юм. Тиймээс салбар дундын зохицуулалт зайлшгүй хийх асуудал болоод байна. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх талаар олон арга хэмжээ тусгагдсан байдаг. Тиймээс хамтын ажиллагаа чухал юм.


/Цөлжилт, хөрсний судалгааг хийж байна/


Завхан аймгийн нутаг дэвсгэр, ган цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутгийн байгаль орчны төлөв байдлыг дэмжих зорилгоор манайх цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь экосистемийн дасан зохицох сэргэх чадварыг дэмжиж байдаг эерэг талтай юм.


Завхан аймаг 2008 оноос эхлэн цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг хийж эхэлсэн. Өнгөрсөн жил гэхэд 13 удаагийн үйл ажиллагаа явуулсан байна. Бэлчээрийн болон таримал ургамлын гарцыг нэмэгдүүлэх.

Мал аж ахуйн салбарт өвөлжилт, хаваржилт, бэлчээрийн даац багтаамжийг хүрэлцээтэй байлгах, таатай нөхцөлийг бүрдүүлэхэд тодорхой судалгаа мэдээллийг бэлтгэж бусад салбарынхантай хамтран ажиллаж байна.

Энэ онд говийн бүсийн Дөрвөлжин, Ургамал, Эрдэнэхайрхан суманд хөрсний доройтол, цөлжилтийн төлөв байдал, тархалтын судалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Судалгааг аймгийн ЗДТГ, ШУТИС, ХААИС-тай хамтарч хийхээр төлөвлөсөн гэж Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.  


Монгол Улсын цөлжилтийн судалгаанаас үзэхэд, цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 2006 онд 72.0 хувь, 2010 онд 77.8 хувь, 2015 онд 76.8 хувь. Харин 2020 онд 76.9 хувь болж нэмэгджээ. 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

Завхан аймгийн тухайд цөлжилтөөс сэргийлэх, хөрсийг хамгаалах зорилгоор олон талын ажлыг хийж байна.

Тухайлбал, жил бүр ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийдэг. 2022 онд тус аймагт улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр ойжуулалтын ажлыг 50 га-д, 9 га ойн төгөл, ойн зурвасыг байгуулсан.

Байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 27 га-д, Идэр, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн суманд үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагууд өөрийн хөрөнгийн ойжуулалтын ажлаар 18 га-д мод бут тарьжээ. Харин уул уурхайн компаниуд 8 га-д, сумын ногоон байгууламж, хамгаалалтын зурвасыг 14,5 га-д гээд аймгийн хэмжээнд нийт 126,5 га талбайд 15 нэр төрлийн 298 289 ширхэг мод, сөөг тарих ажлыг хийгээд буй юм.    


Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад олон мод тарих нь чухал биш. Харин жил бүр шинээр тарьж байгаа модыг арчилж ургуулах нь чухал гэдгийг зөвлөж байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд 15 нэр төрлийн 298289 мод, сөөгийг тарьж, ургуулж байна. 2031 он хүртэл 10 жилийн хугацаанд 25 сая мод тарих зорилт тавиад байгаа юм.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд, эхний гурван жилд бэлтгэл ажил хангах суурь судалгаа хийх. Тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа. Тиймээс 2022 онд тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор, орон нутгийн төсвийн санхүүжилтээр, 18 мод үржүүлгийн газар болон 24 суманд 42 ширхэг 6х10 метр хэмжээтэй иж бүрэн нийлэг хальсан хүлэмжийг нийлүүлсэн. 

Үүний үр дүнд үйл ажиллагаа явуулж буй 27 мод үржүүлгийн газарт 1-5 настай 1.224.303 ширхэг тарьц, суулгацыг тарьж бойжуулсан. Тарьц суулгацын нөөцийг ийнхүү бэлтгэснээр энэ хавар болон намрын мод тарих ажлыг хугацаа алдалгүй хийх боломжтой юм гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Цөлжилтийг сааруулах, хөрсийг хамгаалах, бэлчээрийг зөв зохистой ашиглах арга хэмжээг аймгийн хэмжээнд бодлогоор дэмжиж байгаа.

Тухайлбал, Идэр суманд АДРА Монгол Олон улсын байгууллага бэлчээрийн цогц менежмент төслийг хэрэгжүүлж, 400 гаруй малчин гурав дахь жилдээ бэлчээрийн ашиглалтаа төлөвлөж сурсан байна. Малчид хэсэг хугацаанд бэлчээрээ амрааж ургамлын нөхөн ургах хугацааг тодорхойлох. Нөхөн сэргэсний дараа малаа бэлчээрлүүлэн ялгадсаар нь хөрсөө сийрэгжүүлэн бордох туршлагыг хэрэгжүүлж байна. Үр дүн ч гарч байгаа. Бэлчээрийн менежментийн энэ туршлагыг аймгийн бусад суманд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.



"Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол орны ойн санг 9 хувьд хүргэн нэмэгдүүлж, цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг дөрвөн хувиар бууруулахаар урьдчилан тооцож байна.



НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд оролцсоны мөрөөр Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гарган Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах шийдвэрийг 2022 оны 5 дугаар сарын 9-20-ны өдрүүдэд COP 15 дугаар хурлаас гаргасан.

Энэ конвенцод манай улс 1996 онд нэгдэж, Монгол Улсын Засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна.

Related news