Эдийн засгийн хүртээмж ба ДНБ

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-05-25 16:46:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аливаа улсын эдийн засгийн нийт багтаамжийг хэмжих гол үзүүлэлт нь ДНБ юм. Өөрөөр хэлбэл тухайн улсын нутаг дэвсгэр дээр бий болсон нийт орлого, баялгийн нийлбэр үзүүлэлтээр ДНБ-ийг хэмждэг. Харин бий болсон орлогыг нийт хүн амд хувааснаар нэг хүнд ногдох ДНБ-ийг гаргадаг.

Дэлхийн банкны тооцооллоор манай улсын ДНБ-ий нэг хүнд ногдох үзүүлэлт 2019 оны байдлаар 4339 ам.доллартай тэнцэж байсан.Харин 2020 онд Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон НҮБ-ын судалгаанд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 13.2 тэрбум ам.доллар хэмээн тооцсон бөгөөд үүнийг 3.3 сая Монголчуудад хуваавал 3990 ам.доллар буюу ойролцоогоор нэг хүнд 4000 ам.доллар ногдож байв. Тэгвэл 2022 оны үзүүлэлтээр манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 5033 ам.долларт хүрснийг ҮСХ-ноос мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн жилийн эцсийн үнээр тооцсон статистик үзүүлэлт гэдгийг ҮСХ онцолж байна.


Тоон баримтаас үзвэл манай улсын нэг хүнд ногдох ДНБ 2000 онд 485 ам.доллар байсан бол 2010 онд 2727 ам.доллар, 2020 онд 4128 ам.доллар 2022 онд 5033 ам.доллар болсон байна. Энэ нь 2000 оноос 10.4 дахин, 2010 оноос 84.6 хувиар, 2020 оноос 21.9 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. 


ДНБ нь тухайн улсын эдийн засгийн байдал, нийт ашиг орлого, зардлаас хамааралтай. Тэгвэл саяхан Фитч агентлагаас уул уурхайн салбарын сэргэлт, дотоод эрэлтээс шалтгаалан 2023 онд Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт 5 хувьд хүрч, 2024 онд эрчимжинэ гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа.

Гэхдээ улс орны өсөлтийг зөвхөн орлогын өсөлтөөр хэмжих боломжгүй юм. Тиймээс улс орны эдийн засаг өсч хөгжиж буйг хөрөнгө оруулалт, зээлийн хүү, Засгийн газрын бодлого, хэрэглээний үнийн индекс ямар түвшинд байгааг харгалзан үздэгээрээ онцлогтой.

Нэг хүнд ногдох ДНБ-ий талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярихдаа, “Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд 2022 онд нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллар давж, цар тахлын оргил үед -4,6 хувь байсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7,6 хувийн өсөлтөд хүрээд байна. Бид ирэх жилүүдэд энэ тоог 6000 ам.долларт хүргэхэд анхаарч ажиллана. Эдийн засгийн энэхүү үзүүлэлтүүдийг улам сайжруулж өнөөгийн хүндрэлийг даван туулахад аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоо, дэмжлэг чухал. Цаашид төр хувийн хэвшилтэй өрсөлддөг хандлагыг өөрчилнө” хэмээн онцолсон.

Товчоор хэлбэл, нэг хүнд ногдох ДНБ-ий үзүүлэлт нь улс орны эдийн засгийн өсөлт эерэг байгааг илтгэхээс гадна тухайн улсын нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний аль, алиных нь мөнгөн дүнг харгалзан үзсэн эдийн засгийн хэмжүүр юм.

Тухайлбал Хятадын нэг хүнд ногдох ДНБ 2019 онд 70892 юань буюу 10276 ам.долларт хүрч, 2020 онд "Дунд зэргийн чинээлэг нийгэм" болохын төлөө үргэлжлэн урагшилсаар 10000 ам.долларыг давсан. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ 2000 онд 1000 ам.доллараас доош байсан. Эдийн засаг нь зөвхөн үйлдвэрлэлийн салбар төдийгүй хэрэглээ нь улам бүр нэмэгдсээр байгаа тул дээрх хугацаанд 10 гаруй дахин өсөлтийг авчирав.

Дэлхийн улс орнуудын нэг хүнд ногдох  ДНБ-ний жагсаалтаар тэргүүлэх 10 орноор Люксембург, Ирланд, Швейцар, Катар, Норвеги, Сингапур, АНУ, Исланд, Дани эрэмбэлэгдсэн байна. Эдийн засгийн тэргүүлэгч 10 орон дэлхийн ДНБ-ий 70 орчим хувийг эзэлдэг байна.


Дэлхийн банкнаас нэг хүнд ногдох үндэсний нийт орлого нь 1006-12235 ам.долларын хооронд байвал дундаж орлоготой хэмээн тодорхойлсон байдаг.

Өөрөөр хэлбэл нэг хүнд ногдох ДНБ 10000 ам.доллароос давбал тухайн улс орны эдийн засаг хэвийн үргэлжлэх хэмжээнд очих юм. Гэхдээ  нэг хүнд ногдох ДНБ өндөр байна гэдэг нь орлого өндөр гэсэн үг биш. Тиймээс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжүүр болох эдийн засгийн суурь асуудлын эрсдлийг бодолцох хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байна. Тухайлбал хот, хөдөөгийн иргэдийн орлого ялгаатай хэвээр байгаа. Боловсрол, урлаг соёлын салбарт ажилладаг хүмүүс бага цалин авдаг бол уул уурхай, санхүүгийн салбарынхны орлого дунджаас хол давдаг. Тиймээс "Дунд орлогын хавх" буюу тухайн улс тодорхой хэмжээний  өсөлтөд хүрсэн ч эдийн засаг зогсонги байдалд орох талтай аж. Энэ утгаараа улс орнууд илүү дэвшилтэт технологийг нэвтрүүлж, шинжлэх ухаанчаар хандах хандлага нь эдийн засгийг илүү үр дүнтэй хөгжүүлэхэд дөхөм болно хэмээн эдийн засагчид онцолж байна.

 

Related news